Шинэ парламентад төр түшилцэхээр 13 бүсгүй сонгогдлоо
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль өчигдөр буюу зургаадугаар сарын 29-ны өглөөний 07:00-22:00 цаг хүртэл явагдаж дууслаа. Ингээд сонгуулийн   урьдчилсан дүн 22:30 цагаас гарч эхэлсэн бөгөөд 00:00 цагийн үед ялалт байгуулсан гишүүдийн нэр албан ёсоор тодорч эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулж, урьдчилсан дүнгээр 65 суудал, АН ес,  МАХН нэг, бие даагч нэг суудал аваад байна. 

Тэгвэл төр түшилцэхээр сонгогдсон төлөөлөгчдийн дунд 13 бүсгүй тойрогтоо ялалт байгуулаад байгаа юм.  Өмнөх парламентад 11 бүсгүй ялалт байгуулан ажиллаж байсан бол энэ тоо хоёроор нэмэгдэж, төрийн дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо ийнхүү нэмэгдлээ. 

Харин ялалт байгуулсан  төлөөлөгчдийн 12 нэг нь МАН-ын нэр дэвшигчид бөгөөд АН-аас ганцхан эмэгтэй ялалт авлаа. Түүнчлэн хуучин гишүүдээс Д.Оюунхорол гишүүн энэ удаад Завханы тойргоо сольж Баянзүрх дүүрэгт ирж, ялалт байгуулсан бол өмнөх сонгуулиар  жагсаалтаар сонгогдож байсан Д.Сарангэрэл Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгууллаа. 

Бусад нэр дэвшигчдийн хувьд парламентад анх удаа сонгогдож байгаа нь энэ юм. Тухайлбал, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа, М.Билэгт, М.Оюунчимэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Б.Ундармаа, А.Ундраа, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар ирэх дөрвөн жилд төр түшилцэхээр  сонгогдоод байгаа юм.

Эдгээрийн дунд бизнесийн төлөөлөл болсон хэд хэд бүсгүй байгаа юм. Тодруулбал, “Бишрэлт” группын захирал Б.Ундармаа, “Монполимент” компанийн захирал Ц.Гарамжав, Ачлал трейд ХХК-ийн дэд захирал М.Билэгт, “Сод Монгол” ХХК-ийн Өмнөговь дахь салбарын дарга, “Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Амарзаяа нарыг ажил хэрэгч хүн гэдгээр нь андахгүй билээ. 

Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд олноороо нэр дэвшсэнийг онцолж байсан. Тэдгээр нэр дэвшигчдийн дунд “Монгол тулгатны 100  эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, дуучин М.Нарантуяа, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон нарыг ялалт байгуулах эсэх нь олон хүний анхаарлыг татаад байсан ч тэд  сонгогчдын олонхийн саналыг авч чадсангүй. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus