ГОК-ын 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд нууцаар зарсан уу
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногийн даваа гарагийн орой Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын   үйлдвэр болж байгаа гэдгийг зарлалаа. Жинхэнэ гэнэтийн бэлэг. Засгийн газрын сайдууд нь ч мэдээгүй байсан гэх энэ шийдвэр олон нийтийн нүдийг орой дээр нь гаргах нь тэр.

Товчхондоо хойд хөршийн эзэмшилд байсан 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани худалдан авчээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Оросын тал өөрийн эзэмшлийн 49 хувиа 500 сая ам.доллараар зарсан байж магадгүй гэнэ.

Гэхдээ ямар учраас эрх баригчид “Оросууд Эрдэнэт үйлдвэрийн зарья” гэж санал тавьлаа гэдгийг нийтэд зарлаагүй вэ?

Хэрэв МАХН-аас энэ асуудлыг олон нийтэд ил болгоогүй бол Б.Мэдрээ, Ч.Сайханбилэг нар  энэ асуудлыг хэдий болтол ард түмнээс нуух байсан бол. Хардах, хардлаг төрүүлэх олон зүйл байна.  

Тэд банк дэргэдээ үйлдвэртэй байж болохгүй гэсэн хуулийг үл тоон яамар учраас Б.Мэдрээгийн мэдэлд Эрдэнэтийг шилжүүлэв.

Монгол улсыг үеийн үед тэжээж ирсэн Эрдэнэт үйлдвэр бол Стратегийн орд. Энэ орд газрын төрийн эзэмшлийн хувь, ОХУ-ын талын эзэмших хувийг хэнд нэгэнд шилжүүлэх худалдах асуудлыг УИХ шийдэх ёстой хэмээн цахм ертөнцөөр шуугиж байна. Иргэдийн хамгийн их хардлага түрүүлж байгаа зүйл бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банк нь гадны хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулдагтай холбоотой аж.
Өнөөдрийн байдлаар  Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 2,12 хувь л Монгол хүмүүсийн мэдэлж байдаг байна. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембург Улсын "Global investment and Development" компани, 7.32 хувийг Америкийн "US Global investment" компани, 19.95 хувийг Америкийн "United Banking Corporation", 4.78 хувийг "GS Mongolia investment" , 2.12-хон хувийг монголчууд эзэмшиж байгаа.

/Дэлгэрэнгүйг хүснэгтээс.../




Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ямар дарааллаар Худалдаа хөгжлийн банк худалдан авах ёстой байв. Эрдэнэт үйлдвэр бол хоёр улсын төрийн өмчийн үйлдвэр. Тиймээс заавал олон улсын эрх зүйн дагуу засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр шийдэгдэх ёстой юм. Үүний дараа хоёр олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэсэн ч энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь битгий хэл Засгийн газруудын гишүүд ч мэдээгүй байхад үйл явц өрнөж, төгсжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхдээ “Оросын тал хамгийн дээд төвшиндөө зөвшөөрсөн” гэсэн.
Мөн энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр саналаа өгсөний дараа ““Манай улсын олон жилийн бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн.
Гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй юм. Энэ дагуу л манайд санал тавьсан, тэр дагуу бүх ажил явагдана” гэсэн.
Ямартай ч шийдвэр гаргах төвшинд үйл явц хэрхэн өрнөсөн талаар эрх баригч хүчин ийм тайлбар хэллээ.
Харин одоо Худалдаа хөгжлийн банк нууцаар 49 хувийг авсан асуудалдаа тодорхой тайлбар хийх ёстой.  Иргэд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

Тэгвэл одоо Б.Мэдрээ болон түүний нөхдөд энэ их ялагдал бас нууц шийдвэрийн дараа гаргах ганцхан зөв зам бий. Энэ нь Худалдаа хөгжлийн банк өөрийн худалдан авсан 49 хувиа Улсдаа “бэлэглэх”. Нэр цэвэр үлдэх сүүлийн боломж нь энэ.  

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus