“Сайн хашаа” хөтөлбөрийн зээлийн 50 хувийг улсаас гаргана
Монгоп Улсын Засгийн газраас гэр хороололд инженерийн шугам сүлжээг шийдэх, цаашлаад хөрс, агаарын бохирдлыг багасгах зорилгын хүрээнд “Сайн хашаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэд олон байгаа юм. Тиймээс тус хөтөлбөрийн талаар НОСК-ийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-“Сайн хашаа” хөтөлбөрийн зорилго юу вэ. Хэдэн үе шаттай хэрэгжих вэ?
 
-Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 9-ний өдөр “Сайн хашаа” хөтөлбөрийн үйл ажиллагаа, зорилго чиглэлийн талаарх 312 дугаар тогтоол гарсан. Энэ хөтөлбөр маань инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилготой. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэний хувийн өмчийн газар болон амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэнэ. Мөн хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурах давуу талтай. Түүнчлэн өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болж, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын иргэд хөрсний болон агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Тэгвэл энэ хөтөлбөрт хамрагдсанаар хөрс, агаарын бохирдолгүй нехцөлд амьдрах боломжтой болох юм.
 
-Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд хаана хандах вэ?
 
-Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авах ёстой. Мөн манай хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан үндэсний компаниас сонголтоо хийж, банкинд хүсэлтээ тавих юм. Харин банк тухайн иргэний зээлийг сонгосон компанид шилжүүлнэ. Үүний дараа инжерийн шугам, сүлжээний ажил явагдах юм.
 
-Хөтөлбөрт хамрагдах иргэдэд шалгуур тавьж байгаа юу?
 
-Тийм. Гэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээ хөтөлбөрийнхөө зорилгын дагуу тодорхой шалгуур тавьсан. Хөтөлбөрт хамрагдах иргэд газар болон үл хөдлөх хөрөнгийн баталгаа гаргаж өгөх хэрэгтэй.
 
-Сайн хашаа хөтөлбөрт заавал амины орон сууцтай иргэд хамрагдах уу?
 
-Тэгнэ. Инженерийн шугам сүлжээний ажил хийгдэх учраас амины орон сууцтай байх ёстой. Харин хөтөлбөрт оролцогч компаниудын хувьд тухайн үйлчилгээг иргэдэд үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.
 
-Дулааны шугамнаас хол гэртэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд арай илүү зардал гарна. Энэ асуудлыг шийдсэн үү?
 
-Бид энэ асуудлыг нарийн тооцоолсон. Ер нь иргэд хоорондоо нэгдэж, инженерийн шугам сүлжээний асуудлаа шийдвэл илүү бага зардлаар хийх боломжтой юм билээ. Тэгэхээр дулааны шугамаас хол гэртэй иргэд хамтарч энэ асуудлаа шийдэж болно.
 
-“Сайн хашаа” хөтөлбөрт хотын аль хэсгийн иргэд хамрагдах вэ. Дахин шинэчлэгдсэн шүү дээ?
 
-Засгийн газрын 312 дугаар тогтоолын өмнө гарсан тогтоолд зорилтот бүсүүдийг зааж өгсөн. Энэ бүсэд тодорхой 10 гаруй байршлыг тусгасан байсан. Гэвч 312 дугаар тогтоолыг шинэчлэн гаргасан. Энэ дагуу нийслэлийн төвийн болон алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн гэр хорооолол, зуслангийн бүсэд амьдардаг иргэд хамрагдах боломжтой. Ер нь иргэд 100 хувь хамрагдах боломж бүрджээ.

-Зээлийн журам батлагдсан. Зээл авах журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Айл өрхүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээ 10-15 сая төгрөг байхаар тогтоосон. Харин зээлийг таван жилийн хугадаатайгаар олгоно. “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжиж байгаа ч гэсэн иргэдэд дарамт учруулахгүй байх ёстой. Тиймээс иргэдэд олгох зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлөхөөр зохицууллаа.
 
-Хэчнээн компани хөтөлбөрт оролцож байгаа вэ?
 
-Бид үндэсний компаниудаа дэмжиж байгаа. Тиймээс хөтөлбөрт оролцогч компаниудад нарийн тоо зааж, хязгаар тогтоогоогүй. Чөлөөтэй оруулж байна. Энэ чиглэлээр ажилладаг үндэсний компаниуд хамрагдах боломжтой. Ер нь зурагдугаар сарын 1-нд “Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт хийх үед 80 гаруй үндэсний компаниуд байсан. Нийслэлийн орон сууцны корпорацид бүртгүүлсэн 30 гаруй компани бий. Нийт 120 гаруй үндэсний компани оролцож байна. Нэг үгээр хэлбэл, энэхүү хөтөлбөр нь иргэд болон үндэсний компаниудаа дэмжиж байгаа юм.

Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus