Залуучууд сайн байлаа

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж, санал хураалт 07:00- 22:00 цагийн хооронд үргэлжилж, өндөрлөлөө. Өнөөдрөөс ялсан, ялагдсан нэр дэвшигчдийн нэрс тодорхой болно. Яах вэ, мэр сэр маргаан энэ тэр гарахыг үгүйсгэхгүй. За тэр ч яах вэ. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуульд залуус тун идэвхтэй оролцлоо.

СЕХ санал хураалт дууссаны дараа өгсөн мэдээллээр бол улсын хэмжээнд сонгуулийн ирц 70 орчим хувьтай байлаа. Аль ч хэсгийн хороон дээр очсон 25-40 насныхан тун идэвхтэй саналаа өгч байгаа талаар ярьж байсан. Түүнчлэн 18-25 насны залуучууд ч идэвхтэй оролцлоо. Тэдний оролцоог үгүйсгэж болохгүй. Ерөөсөө улсын хэмжээнд энэ удаагийн сонгуулиар залуучуудын оролцоо өндөр байлаа.
 
Өмнө нь залуучууд гэртээ хэвтчихээд, дараа нь улс орон тэглээ, ингэлээ. Залуучууд бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар алга. Хөгжихгүй байна гэх мэтээр шүүмжлэх л ажил хийдэг байсан. Хатуухан хэлэхэд шүү дээ.
 
Тэгвэл энэ удаад залуучууд дөрвөн жилд нэг удаа эдэлдэг сонгох, төлөөллөөрөө дамжуулж төр барих эрхээ маш сайн эдэлж чадлаа. Тэр  дундаа хөдөө, орон нутгийнхан нийслэлийнхнээс илүү ухамсартай байна. Увс аймагт гэхэд 17:00 цагийн үед сонгогчдын 80 гаруй хувь нь саналаа өгсөн гэсэн мэдээ гарч байсан. Энэ бол амжилт. Залуучууд бид олноороо саналаа өгвөл бидний сонгосон хүмүүсээс бүрдсэн УИХ, цаашлаад Засгийн газар тогтоно.
 
Хэрвээ өгөөгүй бол ахмадуудын саналаа өгсөн хүмүүсээс бүрэлдсэн төр л тогтоно шүүдээ. Өвөө, эмээ, ээж, ааваараа гутал авахуулчихаад, голоод сууж байвал юу болох билээ, тийм биз дээ. Үүнтэй адил өөрсдөө саналаа өгөхгүй байж, ахмадуудын санал өгч бүрдүүлсэн төрийг муулж суух эрх бидэнд байхгүй. Энэ мэтийг өнөө жил залуучууд нэлээн ухамсарлаж, ойлгож. Тиймдээ ч саналаа идэвхтэй өглөө гэж ойлгож байна. Залуу та МАНдуулна уу, ахиулАН ажил хийлгэхийг хүснэ үү, бие даагчдыг дугуйлна уу, эсвэл бүр гурав, дөрөвдөгч хүчнийг дэмжинэ үү, хамаагүй.
 
Хамгийн гол нь өөрийнхөө итгэл үнэмшлээр, төрд төлөөлөх ёстой гэж бодсон хүнээ ямар нэгэн нөлөөлөлгүйгээр сонголтоо хийж л байвал сайн хэрэг шүү дээ. Ядаж л өөр сонголт хийнэ. Сүүлийн хэдэн жил залуучууд бид өөрчлөх цаг болсон хэмээн ярьж, бухимдаж байгаа.
 
Энэ жилийн сонгуулиар залуучууд идэвхтэй оролцож байгаа болохоор өөрчлөлт ирж байгаа гэж ойлгож болохоор байна. Дээрээс нь дахин санал хураалт явуулж, улс орны мөнгө үрэхгүй шүү дээ. Ерөөсөө монголчуудыг залуу улс гэдэг. Хүн амын бараг 70 хувь нь залуус байгаа. Залуучууд бид дандаа шинэ, сайхан бүхнийг хүсдэг биз дээ. Хэрвээ тэр шинэ, сайхан бүхнээ хүсч байвал ядаж л сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой байсан. Ямар ч байсан өнгөрсөн 2012 оны сонгуулийг бодвол идэвх сайтай оролцлоо. Залуучуудын ухамсар сэргэж байна. Мэдлэг мэдээлэлтэй ч болж. Энэ янзаараа байвал бид 2020 оны сонгуулиар 100 хувь саналаа өгөөд, зөв хүнээ сонгоод явах юм байна. Сайн цагийг залуус бид л авчирна. Залуус бидний сонгосон төлөөлөл арай өөрөөр ажиллах байх гэдэгт итгэж байна. Сонгуульдаа идэвхтэй оролдсон залуучууддаа баярлалаа. Залуус бид л энэ улс орны юм бүхэнд идэвхтэй оролцож байж сайн, сайхан, өөрсдийн хүссэн ирээдүйг авчирна шүү дээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus