МАН: СЕХ-ны хариуцлагагүй үйл ажиллагаа, сонгуулийн зөрчлийн талаар мэдээллээ
МАН-аас сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга Б.Мөрөн нар дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа.

СУ. БАТБОЛД: СЕХ ИРГЭДИЙН СОНГОГЧДЫН САНАЛ ӨГӨХ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА

-Засгийн газрын зүгээс "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан шийдвэрийг Монголын ард түмэнд өмчийг нь эргүүлэн өглөө. Энэ нь зөв зүйтэй шийдвэр болсон тухай сонгогчид шийдвэрээ гаргаж байгаа энэ өдөр давтан ярьж байна. Энэ асуудлаар МАН-аас дахин байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй болж байна. МАН Монголчуудын өмч болсон "Эрдэнэт " үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч байх ёстой гэдэгт хатуу зогсч байгаа. Монголын ард түмний өмчийг хоёрхон жилийн өмнө байгуулагдсан хэн ч мэдэхгүй "Монголын Зэс" хэмээх компанид шилжүүлснийг бид эсэргүүцэж байна. Энэ хувийг Монголын ард түмэн эзэмшиж, Монголын баялагын жинхэнэ эзэн нь болох учиртай. Ямар ч утгаар үүнийг зөвтгөх үндэс байхгүй. Энэ утгаараа Монголын Засгийн газар УИХ-д мэдэгдэж, шийдвэр гаргах учиртай байтал АН-ын дарга нь сонгуулийн санал хураах явцад үүнийг өөгшүүлж, "Монголын ард түмэнд өмч нь ирлээ" хэмээн тархи угаалт явагдаж байгааг МАН-ын сонгуулийн штабаас хүчтэй эсэргүүцэж байна. АН залуучуудаар компани байгуулж, олон Дэнзэнгүүдийг төрүүлж байгааг шийдвэртэй эсэргүүцэж байна. Засгийн газар бэлнээр тарааж байгаа мөнгөнийхөө оронд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авч иргэддээ эзэмшүүлэх алхам хийсэн бол дээр байсан юм. МАН "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг хувьчилсан асуудлаар сонгуулийн дараа Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ мэдэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хорооны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Архангай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгийн иргэд саналын хуудас хүрэхгүй байгаагаас 1-2 цаг сонгуулийн хорооны үүдэнд хүлээж байна. Энэ бол сонгогчдын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж МАН үзэж байна. СЕХ саналыг хуудсыг хангалттай хүргүүлээгүйгээс үүссэн ноцтой нөхцөл байдал юм. Энэ нөхцөл байдал магадгүй сонгуулийг хүчин төгөлдөр бус болгоход хүрч болзошгүй.


Сонгуулийн тухай хуулийн 84.1-д "Сонгуулийн хуудас тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна", 84.11-т "Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ", 84.14-д "Баталсан загвараас өөр шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно" гэсэн байгаа. Дөнгөж түрүүхэн СЕХ-ны дарга хэвлэлийн хурал хийхдээ "Аймаг, нийслэлд сонгуулийн саналын хуудсыг хувилж, санал өгүүлэх явуулын хайрцагаар санал авах журам баталлаа" гэсэн. Энэ бол сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байна. Үүнээс үүдэн сонгогчдын санал өгөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийн хариуцлагыг СЕХ хүлээнэ гэдгийг МАН-ын сонгуулийн төв штабаас мэдэгдэж байна.

Орон нутгаас МАН-ын сонгуулийн төв штабт ирсэн гомдлын талаар Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга Б.Мөрөн мэдээлэл өгсөн юм.

Б.МӨРӨН: СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭХ ЗААЛТ БАЙХГҮЙ

-Саналын хуудсыг каноноор хувилаад үүнийг нь зөөврийн хайрцганд хийгээд тоолох ажиллагаа явуулна гэсэн тогтоол гаргасан байна. Энэ бол шууд хууль зөрчиж байгаа асуудал. Сонгуулийн саналын хуудас нууцлалтай, дугаартай, хэвлэлт , хүргэлт нь хүртэл нууцлалтай байх ёстой. Сонгуулийн хуульд саналын хуудас хэвлэх заалт байхгүй. Хоёрдугаарт, хэрэв хууль зөрчсөн чигээр сонгогчдоор хэвлэсэн хуудсаар санал авлаа гэхэд сонгуулийн эцсийн дүнд ноцтойгоор нөлөөлж, болзошгүй гэж эмзэглэж байна. Санал авч эхэлснээс хойш Сонгуулийн тухай хуулийг зөрчих асуудал маш их гарч байна.

ОРОН НУТАГ, НИЙСЛЭЛД СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗӨРЧЛҮҮДИЙГ ДООР ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

1. Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатарын менежер Эрдэнэбилэг энэ сарын 26-ны өдөр бусдад мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад хууль зөрчсөн болохыг тогтоосон. Шүүхэд шилжүүлсэн байна. Өнөөдөр гэхэд сонгогчдыг О.Амгаланбаатарын төлөө санал өгөөч хэмээн 10.000 төгрөг өгсөн байна. Энэ байдлыг иргэд тодруулж, баримтжуулаад цагдаад өгсөн байна.

2. Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Д.Ганбатын менежер Цэндсүрэн сонгогчдод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Үүнийг цагдаа шалгаж, хууль зөрчсөн байх магадлалтай хэмээн үзээд шүүхэд шилжүүлсэн байна.


3. Нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нар Сонгуулийн тухай хуулийн 70.12 зөрчиж шууд нэвтрүүлэгт оролцсон. Бие даасан нэвтрүүлэг, ярилцлага өгөхийг хориглосон заалтыг зөрчсөн.

4. Өнөөдөр үдээс өмнө АН-ын дарга З.Энхболд санал өгөхдөө "Эрдэнэт"ийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь хууль зөрчиж байна.


Ц.Тунгаа

Бусдад түгээх
  • gplus