Архангай аймгийн гурван сумын саналын хуудас дуусчээ
Архангай аймгийн зарим хэсгийн хороодод саналын хуудас дуусчээ. Тухайлбал, тус аймгийн Цахир, Хангай, Булган сумдад сонгуулийн саналын хуудас дууссан гэх мэдээлэл аймгийн Сонгуулийн хороонд иржээ.

Энэ талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Лхагвасүрэнгээс тодруулахад “Сонгуулийн ерөнхий хорооноос Архангай аймгийн нийт сонгогчдын 90 хувиар бодож хуваарилсан. Өөрөөр хэлбэл, саналын хуудас хэвлэгдэх үед Архангай аймагт 58920 сонгогчтой байсан юм. Түүний 90 хувиар бодож саналын хуудсыг хуваарилсан. Дээр нь сонгогчдын ирц өндөр байна. Мөн нэлээд иргэн саналаа буруу тэмдэглэснээс болж саналын хуудас хүчингүй болж байна. Түүнчлэн урьд нь сонгуульд оролцдоггүй, шилжин явсан иргэд ирж сонгогчдын ирцийг нэмж байна” гэлээ.

Тиймээс аймгийн Сонгуулийн хорооноос сонгогчдын саналыг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Харин Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс саналын хуудас дууссан хэсгүүдэд үлдсэн сонгогчдын саналыг хэрхэн авах талаар тогтоол гаргаж ирүүлнэ гэх хариултыг ирүүлжээ. Тогтоол ирсэн даруйд аймгийн Сонгуулийн хорооноос шуурхай арга хэмжээ авч, иргэдийн саналыг авах арга хамжээ авна гэх мэдээллийг өгсөн юм.

Үүнээс гадна Архангай аймгийн сонгуулийн хэсгийн хороодод багагүй зөрчил гарч байгаа талаар нам, нэр дэвшигч болон иргэдээс гомдол, санал ирж байгаа аж. Тухайлбал, нэр дэвшигчид болон төрийн зарим алба хаагчид сонгогчидтой уулзаж, нөлөөлөх явдал гарч байгаа аж. Мөн сонгогчид санал өгсөн саналын хуудасныхаа зургийг дарж, улмаар гадна байгаа хүмүүст үзүүлэх зэрэг зөрчил илэрчээ.

Эдгээр гомдлыг аймгийн Сонгуулийн хорооны гишүүд шалган зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна. Мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, зөрчлийг арилгуулах талаар үүрэг чиглэл өгчээ. Түүнчлэн нам, эвсэл нэр дэвшигчдийн ажиглагчдыг гадна талд нэмж хяналт хийлгэх талаар зөвлөгөө өгөөд байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus