Сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийг жагсаалтаас хаслаа
СЕХ-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим нэр дэвшигчийн нэрийг татсан эсэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тодруулахад “Нэр дэвшигчдийг, нэрийг жагсаалтаас хасах тухай гурван хүсэлт ирсэн. Эдгээр хүсэлтийг өнөөдөр өдрийн шуурхай хурлаар авч хэлэлцэж шийдвэр гаргасан.

Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийн 28 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Оюунсайханы нэрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн татсан. Нэр дэвшигч нь сонгуулийн тухай хуульд шашны холбогдолтой үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Ингээд нэр дэвшигчийн зүгээр “Давж заалдахгүй, торгуулийн мөнгөө төлсөн” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул нэр дэвшигчийн жагсаалтаас хассан гэлээ.

Хоёрдугаарт,  УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Дорнод аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай холбоотой гомдол ирсэн. Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаанаар орж, шийдвэрлэсэн. Нэр дэвшигчийн зүгээс Давж заалдах хугацаа дуусаагүй байна гэдэг тайлбар ирүүлсэн учраас СЕХ энэ асуудлыг хойшлуулсан.

Гуравдугаарт, УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 24-нд хэлэлцэн, хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдэг шийдвэр гаргасан байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг н.Энхзаяа нь гар дээрээ аваагүй байна, Давж заалдах хугацаа дуусаагүй байна гэж үзсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг нэр дэвшигч Х.Болорчулууны нэгэн адил хойшлуулсан” гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus