Ц.Элбэгдорж: Ард түмнийхээ амгалан тайван байдал, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаагийн хамт  өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах  59 тойргийн 6 дугаар хэсэгт хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт ард иргэддээ хандаж үг хэллээ.

Тэрбээр “Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ард иргэд идэвхтэй оролцож байгаа нь харагдаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажиллаж олон жил зүтгэсэн. Энэ бол нийт ард түмний хичээл зүтгэл, ач буян, тэмцлийн үр дүн юм. Манай иргэд сонгуульдаа улам идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонгуульд оролцож хэний тухай санал өгөх нь иргэний эрхийн асуудал. Сонгуульд ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Техник хэрэгсэл хөгжсөн энэ үед сонгуулийн дүн хурдан гарна. Сонгууль хуулийн дагуу шударга явна гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн дүнгийн дагуу шинэ УИХ, шинэ Засгийн газраа бүрэлдүүлэх ажилдаа эрчимтэй орох ёстой. Хуулиа баримталж, ард түмнийхээ амгалан тайван байдал, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus