Зургаан удаагийн сонгуульд 25 тэрбум 447 сая төгрөг зарцуулжээ
Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаандаа зургаан удаагийн сонгуулийг зохион байгуулсан. Энэ хугацаанд сонгогчдын сонгуульд оролцох ирц үргэлж бууралттай байжээ. Хамгийн сүүлд буюу 2012 оны сонгуулийн ирц хамгийн бага үзүүлэлт байсныг судлаачид хэлж байсан. Сонгогчдын ирц бүр 10 орчим хувиар огцом буурсан нь цаашид сонгуулийн ирц анхаарал татах асуудал хэдийн болсныг харууллаа хэмээн онцолж байсан билээ. 

1992 онд буюу хамгийн анхны ардчилсан сонгуулиар сонгогчдын 95.6 хувь, 1996 онд 92.1 хувь, 2000 онд 82.4  хувь, 2004 онд 82 хувь,  2008 76.4 хувь, 2012 онд 67.2 хувь нь сонгуульд оролцож байжээ. 

Тэгвэл энэ удаад судлаачид сонгуулийн ирц ямар байх талаар тандалт хийжээ.Сонгогчид сонгуульд оролцох эсэх нь улстөрчдийн шүдний өвчнүүдийн нэг болсоор удаж байна. 2012 оны сонгуульд санал өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25, 25 хувь нь 18-35 настай залуус. Тэд уг нь Монгол Улсын хүн амын 40-өөс дээш хувийг эзэлдэг. Санал өгсөн сонгогчдод гар утасны нэгж өгч, төр нь иргэнээ ил цагаанаар “хахуульдсан”-ы үр дүн энэ. Ийм бүрэн эрхийг Сонгуулийн Ерөнхий хороонд төр өгсөн. Энэ тоо энэ сонгуулиар огцом нэмэгдэх ямар ч найдлага байхгүй. Харин энэ тоогоо  барих, багахан ч атугай өсгөх найдвар байвал дээдийн заяа, аманд орсон шар тос. Бас л бага ч атугай “өгөөш” хэрэгтэй болох биз.

Ямартай ч өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын сонгуульд оролцох итгэл үнэмшил 100 иргэн тутамд дунджаар 65 хувьтай байна. Оролцохгүй гэж гөжүүдлээд байгаа хэсэг нь найман хувь, шийдээгүй байгаа нь 27 хувь байгаа.Оролцохгүй гэж  байгааг иргэдээс  тодруулж асуухад “Итгэл алдарсан, сонгочихмоор хүн алга даа” гэж хариулсан байна. Тэгэхээр намуудын нэр дэвшигчдийн сонголт сонгогчдын итгэл үнэмшил, сонгууль өгөх байр руу явах, эсэх шийдвэртэй шууд хамааралтай бололтой.

Тэгвэл иргэд сонгуульдаа идэвхгүй оролцож, саналаа өгөхгүй байвал хэн хохирох вэ? Мэдээж хэрэг шууд утгаар ойлгоход  нэр дэвшигчид байж болох ч дахин сонгууль зарлаж, тэд яаж ийж байгаад л гараад ирнэ. Харин ч бүр  улам хялбар болох байх. Гэтэл энэ бүхний ард улс орны төсөв санхүүгийн асуудал яригдана. Сонгуулийн зардлын асуудал хамгийн чухал сэдэв. Харин сонгуулийн зардал татвар төлөгч, та бидний халааснаас гардаг гэдгийг ухамсарлах нь зүйтэй болов уу. 

Дээр дурдсан өнгөрсөн зургаан удаагийн сонгуульд улсын төсвөөс нийтдээ 25 тэрбум 447 сая төгрөг зарцуулжээ.Анхны буюу 1992 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болсон сонгуульд улс төрийн найман нам, хоёр эвслийн нэр дэвшигчид оролцож байжээ. Тус сонгуулийн зардал нийтдээ 21 сая төгрөг болсон байна. Харин хоёр дахь удаагийн буюу 1996 оны сонгуульд  270 сая, 2000 оны сонгуульд 460 сая төгрөг, 2004 оны сонгуульд 696.5 сая төгрөг, 2008 оны сонгуульд 7.2 тэрбум төгрөг, 2012 оны сонгуульд 16.8 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд зориулан 16.4 тэрбум төгрөг төлөвлөөд байна. 

Үүнээс үзэхэд сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ огцом өсөж иржээ. Гэвч иргэд өмнөх сонгуулиудад оролцож байсан шигээ идэвх нь суларвал, дахин сонгууль ч явуулж мэднэ. Харин ингэвэл дээрх тоо улам  нэмэгдэх болно гэдгийг ухамсарлаж иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus