Таны санал хамгийн үнэ цэнэтэй
Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Өнөөдөр бид энэ сонголтын өмнө ирээд байна.

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн  ИТХ-ын сонгуулийн санал хураалт Монгол орон даяар 07 цагаас зэрэг эхэллээ. Өнөөдөр Монгол Улсын 1 сая 912 мянга 901 сонгогч Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгоно.

УИХ-ын ээлжит сонгуульд 498, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр нам, эвсэл, нэр дэвшигчид хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусаад байна. Энэ удаагийн сонгуульд аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороонд төрийн болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган албан хаагч бэлтгэл ажлыг ханган ажиллах юм байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 2687 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг ТЕГ, МТШХХГ, тус хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн хамтарсан алжын хэсэг шалган туршиж, баталгаажуулаад санал авах байрудад хүргүүлсэн байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ өдрийг бүх нийтийн амралтыг өдөр болгон зарласан. Мөн өнөөдөр, маргааш, нөгөөдөр  худалдаа үйлчилгээний газрууд, дэлгүүр хоршоо архи согтууруулах ундаагаар үйлчилж, зарахыг хориглоод буй.  Мөн энэ өдөр машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй  гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Сонгогчид  санал өгөх байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж саналаа өгөх ба Санал өгөхөд иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт шаардахгүй  гэдгийг СЕХ-оос мэдээлсэн.

Ийнхүү бид Төрийн дээд эрх барих байгууллагаа сонгох сонголтын өмнө ирээд байна. Сонгогч дөрвөн жилд ганц удаа олгогдох та төр барилцах эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг“Оллоо.мн” сайтын  зүгээс уриалж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus