Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар үлдсэн 49 хувийг Оросын төрийн өмчит “Ростехнелоги” компани эзэмшдэг.

Гэтэл Оросын “Ростехнелоги” компани өөрийн 49 хувийг зарсан, үүнийг нь эрх баригч АН-ын Засгийн газар нууцалсан гэж МАХН-ын сайдууд өнөөдөр өдөр мэдэгдэл хийсэн.Шадар сайд Ц.Оюунбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын мэдээлснээр, АН-ынхан уг асуудлыг эдгээр сайд нарт мэдэгдээгүй гэнэ.

Хамтарсан компаниудын гол утга учир нь,нэг тал нь хувиа зарах тохиолдолд нөгөө талдаа санал тавьдаг. Эсвэл гуравдагч этгээдэд өгөх асуудлыг зөвшилцөн шийдэж, УИХ, ҮАБЗ-өөр орох ёстой. Тэгээд ч “Эрдэнэт” үйлдвэр стратегийн орд учраас дээд төвшинд хэлэлцэгдэж, шийдэх эрхийг нь Засгийн газарт өгөх ёстой.

АН-ынхан Оросуудын эзэмшиж байсан 49 хувийг хятадуудад зарсан гэж дээрх 3 сайд хардаж буй ажээ.

Ер нь АН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг үе үе босгож ирдэг. 1998 онд хамтарсан үйлдвэрийн 51 хувийг Монголд авчирсан Ш.Отгонбилэгийг амралтаа авсан байхад нь хууль бусаар огцруулж байв. 

1999 онд Ж.Наранцацралтын Засгийн газрыг “Эрдэнэт”-ийн 2 хувийг Белазны 2 дугуйны үнээр зарах гэж захиа бичсэн хэргээр огцруулж байв.

Ш.Отгонбилэгийг огцруулах үед З.Энхболд ТӨХ-ны дарга, Ч.Сайханбилэг Гэгээрлийн сайд байв.

“Эрдэнэт”-ийн захидал гэгчээр Ж.Наранцацралтыг огцруулах үед З.Энхболд УИХ-ын дарга Р.Гончигдоржийн зөвлөх байв.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: 

Энэ мэдэээллийг бэлтгэж байх явцад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын тал авлаа гэж мэдээлж байна. Үнэн бол сайхан л хэрэг. Гэхдээ ямар нөхцөлөөр, ямар мөнгөөр авч байна вэ гэдэг анхаарал татаж буй юм. ХХБ-ны төлөөний компани "Монгол зэс" авсан юм байх. Үүнийг Оросын дээд удирдлагатай тохирсон гэж байна.

Тэгвэл ХХБ-нд Эрдэнэтийн 49 хувийг авах хөрөнгө байгаа юу гээд асуудал бий. Мөн уг компанид Засгийн газар батлан даалт хийж байгаа юу гээд хөндөх асуудал олон бий. Мөн Монгол гээд байгаа компани нь хэнтэй хамтарч байгаа вэ гэдгийг ч тогтоох шаардлага гарна.

Засгийн газар Оросуудтай Тавантолгойгоор тохиров уу,Тавантолгойн төмөр замаар тохиров уу гэх хардлага олон хүнд төрж эхэллээ. 

 

Цаашлаад Асгатын мөнгөний орд, Дорнодын ураны орд гэх зэрэг Оросуудын оролцохыг хүсдэг олон төсөл бий.

Өнөөдөр хамтарч засгийн эрх барьж байгаа АН, МАХН-ын мэдэгдэл 2-уулаа сонгуульд санал авах гэсэн л шоу болох нь илэрхий. АН, МАХН-д улсын эрх ашиг чухал биш, сонгуульд ялах л чухал байгаа нь эдгээр мэдэгдлийн учир шалтгаан байж болох юм.

П.Молор
olloo.mn


 

Бусдад түгээх
  • gplus