Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Гадаадад оршин суугаа иргэнд боловсролын баримт бичгийн лавлагааг цахимаар олгоно

Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно.

2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ. Гэхдээ лавлагаа авахад зарим хүндрэл гардаг байна. Тухайлбал, БНСУ-д амьдарч байгаа иргэн ийм лавлагаа авахаар ирэхэд виз болоод цаг хугацаа, зардлын асуудал хүндрэлтэй. Мөн АНУ, Япон, Канад, Хятад, ОХУ, Герман, Австрали, Итали улсад суралцах хүсэлтэй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Иймд Гадаад хэргийн яамны Консулын хэлтэс, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар,  Боловсролын үнэлгээний төв, Сургалтын төрийн сан зэрэг байгууллагад лавлагааг цахимаар олгох шаардлага үүсээд байгаа юм.

Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгосноор төрийн үйлчилгээ хурдан шуурхай, хүнд сурталгүй болж манай улсын энэ чиглэлийн үйл ажиллагаа олон улсын хэмжээний шаардлага хангаж, иргэдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, улмаар төрийн албан хаагчдын ажлын бүтээмж өсөх болно. 

Үндэсний чанарын хөтөлбөр батлагдлаа

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний чанарын хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Чанарын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжилтийг ханган ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгав.

Үндэсний чанарын хөтөлбөр нь 6 бүлэгтэй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө нь 4 зүйл, 10 зорилттой бөгөөд 10 үндсэн зорилтыг хэрэгжүүлэх 154 арга хэмжээг 2016 оноос эхлэн 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр тооцоолжээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиудыг шинэчлэн, Бүтээгдэхүүний ерөнхий хууль, техникийн зохицуулалтын баримт бичгийг шинээр боловсруулан батлуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Мөн олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дээшилнэ. Хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбарын үйлчилгээний стандарт олон улсын жишигт хүрч, экспортын бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний дүн худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрөгдөх зэрэг олон ач холбогдолтой юм.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаарыг баталлаа

Төсвийн тухай хуульд “Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын төслийг хэлэлцэн жил бүрийн долдугаар сарын 1-ний дотор батлах” гэж заасны дагуу  Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 оны төсвийн хязгаарыг баталлаа. Засгийн газрын тогтоолоор баталсан төсвийн энэ хязгаарт нийцүүлэн 2017 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2017 оны  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 6,609,6 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 22,6 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байхаар тус тус тусгагдсаныг 2017 оны төсвийн хязгаарт баримталсан байна.

Визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгохоор тогтов

Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Энэхүү хэлэлцээрийн төсөлд дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор тусгажээ.

Японы тал Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг судалж үзнэ

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2016 оны 6 дугаар сарын 1-3-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн чиглэлийн төмөр замын төслийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсныг тэмдэглэж, энэ асуудлыг нааштай судалж үзэхийг хүссэн байна. Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлаар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл, мөн монголын талаас дэвшүүлж буй саналыг иж бүрэн цогцоор нь судалж үзнэ” гэжээ.

Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд их хэмжээний эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсантай холбогдуулан Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засварын ажлыг 2 багц болгон шууд гэрээ байгуулан төлөвлөсөн хугацаанд технологийн дагуу чанартай гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Энэ чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл, суулт, торон хагарлууд, гадаргуун холцролт, дугуй мөрний ховил зэрэг эвдрэлүүд үүсч, ашиглалтын хэвийн нөхцөл хангахгүй, аваар осол гарах нөхцөл бүрдээд байгаа юм. Тиймээс авто тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих боломжгүй болсон хэсгүүдийг эхний ээлжинд засварлахаар шийдвэрлэжээ.

Товч мэдээ:
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 23-24-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд ажиглагчаар оролцсон болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг хуралдаан болон уулзалтад оролцсон дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
-2016 оны 5 дугаар сарын 16-18-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлалынхаа дүнг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр ангийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus