Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ
Монгол Улсын иргэд сонгогчид маргааш буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өглөөний 0:7 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох гэж байна.Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгожээ. 

Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган төрийн албан хаагч сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Цагдаа, тагнуулын байгууллага хүч нэмэн ажиллаж байна

Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 10 дугаар тогтоолд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлыг ханган аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, мэдээллийн технологийн 2371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

1 912 901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ

Энэ удаагийн сонгуульд 1 912 901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

СЕХ:Сонгуулийн автоматжуулсан системд эргэлзэх хэрэггүй 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 2687 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулаад санал авах байруудад хүргээд байна. Санал авах, тоолох энэхүү төхөөрөмжийг 2012, 2013 оны сонгуулиудаар амжилттай хэрэглэсэн билээ. Иймд сонгогч Та бүхэн сонгуульд хэрэглэж буй автомат техник хэрэгсэлд итгэлтэй байж болно хэмээн СЕХ-ноос мэдээллээ. 

Харааны бэрхшээлтэй иргэдэд  брайль үсэг бүхий хавтас бэлтгэжээ

Сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгожээ.

УИХ-ын ээлжит сонгуульд 498, Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus