Евро 2016: Англи, Испани тэмцээнээс хасагдлаа
Нэр хүнд, цар хүрээгээрээ олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа ордог ЕАШТ-ий  шөвгийн 16 багийн тоглолтын сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ шатны хамгийн сонирхолтой учраа бол дэлхийн аваргуудын тулаан байлаа. Дэлхий болон европын аварга Испаничууд хэсэгтээ тааруу тоглосныхоо шанг  хүртэж, хоёрдугаар байраар гарч дэлхийн аварга Италитай нүүр тулсан.  Хоёр багийн тоглолтыг дэлхий нийтээр хүлээж суув.

Ингээд тоглолт эхэлж, Италичууд бөмбөгийг илүүтэй эзэмшиж, олон аюултай довтолгоо зохион байгуулсан ч “Манчестер Юнайтед”-ийн хаалгач Ди Хеа  шилдэг хаалтууд хийж, багаа аварч байв. Улмаар тоглолтын нэгдүгээр үед Италичууд гоолын салхийг нээлээ. 33 дахь минутад Эдерийн чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Ди Хеа амжилттай хамгаалсан ч бөмбөгийг тогтоож чадсангүй.



Улмаар Жаккеринигийн дамжуулалтаар Кьеллини гоолдсон юм. Ингээд тоглолтын хоёрдугаар үед Испаничуудын тоглолт сэргэсэн ч  Италийн багийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсаар шүүгчийн мэдлийн цагт дахин нэг гоол хаалгандаа алдав. Ийнхүү ялагдашгүй рамадачууд хасагдах шатны эхний даваанд бүдэрч, нутаг буцлаа.  Аваргуудыг гэрт нь хариулсан Италийн шигшээ баг хүчирхэг Германы багтай шөвгийн наймд таарч тоглохоор боллоо.
 
Хасагдах шатны эхний даваанд Их Британийн багууд хоорондоо таарсан нь олны анхаарлыг ихэд татсан. Тэр дундаа энэ удаагийн буурал тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болж буй Исландын шигшээ баг хүчирхэг Английн багтай хэрхэн тоглох бол гэдгийг олон хүн харж суусан.  Ингээд тоглолт эхэлж, ердөө дөрөвхөн минутын дараа Исландчууд алдаа гаргаж, Англичууд торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон юм. Улмаар  багийн ахлагч Уэйн Руни  тооны харьцааг нээж, Англичууд давамгайлж эхэллээ. Гэвч  тэдний давамгайлал удаан үргэлжлээгүй бөгөөд зургаа дахь минутад Рагнер Сигурдсон тооны харьцааг тэнцүүлэв. Харин 18 дахь минутад Сигторссоны цохисон  хаах боломжтой бөмбөгийг Харт барьж чадалгүй алдаа гаргасан нь Исландчуудад тэргүүллийг авчирсан.



Үүнээс  хойш энэ тоглолтод гоол ороогүй бөгөөд Англичууд хожихын төлөө хэчнээн зүтгэсэн ч тоглолтын хувь заяаг эргүүлж чадаагүй юм. Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсоны   оройтуулж хийсэн сэлгээг олон хүн  шүүмжлэв. Учир нь тоглолтын 87 дахь минутад Руниг, Рэйшфордоор сэлгэсэн. Дөнгөж 18-хан настай “Манчестер Юнайтед”ы-н залуу тоглогч талбайд гарсан цөөхөн минутад Английн багийн хамгийн аюултай тоглогч болж байсан ч тэдэнд цаг үлдээгүй байлаа. 



Ийнхүү Исландын багт  ялагдаж,  шилдэг бүрэлдэхүүнтэй ч  том тэмцээнд амжилт гаргаж чаддаггүй хар цувралаа үргэлжлүүлсэн Английн шигшээ баг нутаг буцлаа. Уг тоглолтын дараа  багийн ахлах дасгалжуулагч Рой Хожсон ажлаасаа халагдаж буйгаа зарлалаа. “Гурван арслангууд”-ыг дөрвөн жил удирдсан Рой Хожсон өөрөө ажлаа өгөхөөр болжээ.



Исландын баг шөвгийн наймд зохион байгуулагч Францын шигшээ багтай тоглох юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus