Ам.долларын ханш цаашид ч буурах уу
Энэ оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050 буюу хамгийн дээд төвшинд хүрч байлаа.Түүнээс хойш бага багаар уруудсаар одоо 1940-1945 төгрөг, Төвбанкны зарласан ханш 1941 болоод байна. Энэ нь оны эхнээс 1.7, гуравдугаар сарын оргил үеэс 4.4 хувиар чангарсан үзүүлэлт юм.
 
Валютын ханш ийнхүү суларсан нь эдийн засгийн онцлогтой холбоотой улирлын шинжтэй өөрчлөлтөөс гадна Засгийн газар 500 сая ам.долларын бонд, 250 сая ам.долларын синдикат зээлийг татаж, дотоодын валютын захын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тэндхийн хүлээлтэд нөлөөлсөнтэй холбоотой гэж Монголбанкны холбогдох эх сурвалж тайлбарлажээ. Тавдугаар сарын эцэст хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 1.8 хувьтай гарсан байна. Олон улсын валютын сангаас манай улсын эдийн засгийн өсөлт 2017 оноос сэргэнэ гэж таамаглаж буй нь сүүлийн хэдэн жилийн турш хямралын шинжтэй байсан манай эдийн засаг одоо нэг сэргэх нь гэсэн хүлээлтийг үүсгэлээ. 

Тэгвэл валютын ханшийн энэ бууралт цаашид энэ хэвээр үргэлжлэх үү  хэмээн олон хүн асууж байна. Учир нь  төгрөгийн ханш ийн чангарч байгаа нь сонгуультай холбоотой гэж  үзэх хүн цөөнгүй байна. 

Ямартай ч түр зуурынх ч бай, цаашид үргэлжлэх ч бай  үндэсний  мөнгөн тэмдэгтийн валюттай харьцах ханш чангарснаар иргэдийн худалдан авалт нэмэгдэнэ  хэмээн эдийн засагчид тайлбарлаж буй. Гэвч энэ эерэг хүлээлт  үр дүнгээ өгөх үү гэдэг асуулт урган гарч байна.

Аливаа улсын үндэсний валют гадаад валюттай харьцах ханш чанга байх нь олон улсад эдийн засгийнх нь нэр хүндийг өргөж өгдөг талтайгаас гадна манайх шиг улсын хувьд ашигтай гэлцдэг. Ялангуяа Монгол Улс шиг хүн амынхаа хэрэгцээний 90 орчим хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг улсын хувьд ашигтай хэмээн мэргэжлийнхэн үзэж байгаа юм. Учир нь импортлогч компаниудын бүтээгдэхүүний үнэ буурч, худалдан авагчдад хямдаар худалдаж авах боломж бий болдог тухай эдийн засагчид ярьж байгаа. 

Харамсалтай нь манайх шиг жижиглэнгийн наймаачидтай улсад онолын асуудал  бодит амьдрал дээр үр дүнгээ өгөх нь юу л бол. Томоохон импортлогчдоос ч  төгрөгийн валюттай харьцах ханш чангарлаа гээд бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах “хоншоортой” аавын хүү олдохгүй л болов уу. Иргэдийн худалдан авалт сайжирна гэж байгаа ч үүний үр шимийг хэдхэн наймаачид л хүртэж таарах болчихлоо. Импортлогч компаниудын ихэнх нь төгрөгөөр худалдаа хийдгээс энэ яриа ердөө л шинэхэн барьсан талхны үнэрийг үнэртээд амталж чадахгүй өнгөрөхтэй  утга нэг болж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus