Дулааны шинэчлэл төсөлд хамрагдах иргэдээс 2-3 сая төгрөг авна

 “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн талаар НОСК-ийн захирал Б. Тэлмэнгээс зарим зүйлийг тодрууллаа
 

-“Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ямар үе шаттай хэрэгжих вэ?
 
-Улаанбаатар хотод 1970- 1990 оны хооронд баригдсан 1077 угсармал орон сууцанд 46 мянга гаруй өрх амьдарч байна.
 
Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн амын 20 хувь нь хуучны, эдэлгээ нь алдагдсан угсармал байранд амьдарч байна гэсэн үг. Хуучны угсармал орон сууцнуудад өнөөдрийг хүртэл их засвар хийгдэж байгаагүй. Үүнээс болж дулааны алдагдал өндөр, оршин суугчид өвлийн улиралд хүйтэн байх болсон.
 
Тиймээс “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци нь НИТХ- ын тэргүүлэгчдийн 2016 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 86 дугаар тогтоолоор энэхүү төслийн журмыг батлуулсан юм.
 
Уг журам эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, угсармал орон сууцны оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, тэдний хөрөнгийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой. Мөн эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршиж байгаа.
 
-Төслийн хүрээнд ямар зүйлийг засч өгөх вэ. Дулаан гэхлээр зөвхөн дулааны шугам сүлжээг засч өгөх үү?
 
-Дулаан техникийн шинэчлэл гэж эрчим хүчний аудитын дүгнэлтийг үндэслэн, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тодруулбал, тухайн барилгын гадна талын ханыг дулаалах, дээвэр, хаалга цонхыг шинэчлэх зэрэг ажил хийнэ. Мөн зоорийн давхрын хучилтыг засварлаж шинэчлэх, дулаалах, хуучирч муудсан бөглөрөл ихээр бий болсон дотор системийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэх юм.
 
-Иргэд хэрхэн хамрагдах вэ?
 
-Иргэд дулааны технкийн шинэчлэл төсөлд хамрагдахын тулд СӨХ-ын хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, саналаа тухайн дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэх ёстой. Дүүргийн Засаг дарга нь төсөлд хамрагдах хүсэлтийг Улаанбааар хотын Захирагчийн ажлын албанд батламжлан хүргүүлнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дулаан алдагдлын зэрэглэл тогтоож, тухайн объектод тохирсон дулаан техникийн шинэчлэлиин ажлын даалгавар, техникийн тодорхойлолты гболовсруулах юм. Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сууц өмчлөгч нь гүйцэтгэгчтэй гурван талт гэрээ байгуулж төслийг эхлүүлнэ.
 
-Иргэдээс мөнгө гарах уу?
 
-Нийт зургаан төрлийн ажил хийгдэж байгаа. Би дээр хэлсэн. Эдгээр ажлыг хийхэд нийт есөн сая төгрөг болно. Журамдаа есөн сая төгрөгийг хэдийг нь улсаас гаргах, хэдийг нь “СО2” сангаас гаргах вэ гэдгийг тусгасан. Бид иргэдэд аль болох бага дарамт үзүүлэхгүй байхаар охицуулсан.
 
Эхний удаад 2-3 сая төгрөг иргэдээс гарна. Мэдээж огт мөнгөгүй байна гэж үгүй. Иргэд тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэн тодорхой хэмжээний зардлыг иргэдээс авч байгаа. Харин үлдсэн зургаан сая төгрөгийг улс, нийслэл болон бусад олон улсын сангаас авахаар төлөвлөсөн.

-Энэ төсөлд хамрагдах хүсэлт гаргаснаас хойш хэдий хугацааны дараа дулааны ажил эхлэх вэ?
 
-Нэг байрыг 3-6 сарын дотор дулаална. Дулаалгын ажил хийх хугацаа тухайн байрны том, жижгээс шалтгаална. Тухайлбал, 10 орцтой байр байж болно. Мөн таван орцтой байр ч байж болно. Энэ бүхнээс л шалтгаалах байх.
 
-Өвөл дулаалгын ажил хийгдэх боломжгүй. Одоо энэ төслийг хэрэгжүүлэхэд бага хугацаа үлдэж байна шүү дээ?
 
-Дулаалгын ажил шууд эхлэхгүй л дээ. Эхлээд зураг төслөө гаргана. Дараа нь бэлтгэл ажлаа хангана. Зарим тохиолдолд хүмүүсийг нүүлгэх ч шаардлага гарч магадгүй. Өвлийн улиралд бид бэлтгэл ажлаа хангах юм. Зураг төслөө гаргаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулна. Зуны улиралд багтаад хийх ажлууд байна. Тухайлбал, цонх, дээвэр шинэчлэх ажлыг хийх боломжтой.
 
-Эхний удаад ямар байруудыг хамруулах вэ?
 
-Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургадугаар сарын 23-ний өдрийн А/536 дугаар захирамжийн дагуу хэд хэдэн байруудад зураг, төсөв боловсруулах, их засвар хийх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны есдүгээр байр, Хан- Уул дүүргийн гуравдугаар хорооны 31 дүгээр байр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 10 дугаар байранд их засварын ажлыг эхлүүлнэ.
 
-Иргэд материалаа бүрдүүлж өгч байна уу?
 
-Иргэд материалаа бүрдүүлж өгч байна. Хэд хэдэн байрны СӨХ оршин суугчидтайгаа хурал хийж, материалаа бүрдүүлж өгсөн.


Монголын мэдээ
Н.Батзаяа
 

Бусдад түгээх
  • gplus