Утааг “мартсан” өдрүүд
УИХ-ын 2016 оны сонгуулийн үйл явцтай холбогдуулан нийгэмд тулгамдсан олон асуудлууд мартагдаж байна. Үүний нэг утаа. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн нийгэмд түгшүүрийн харанга дэлддэг зүйлийн нэг бол яах аргагүй утаа. Бид энэ тухай хэдэн он дамжин ярьсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байна.

Нийслэлийн хүн амын 60 гаруй хувийг гэр хорооллын хүн ам эзэлж байна гэсэн баримт бий.  Мөн утаанаас болж нийслэлийн иргэдэд учрах хохирлыг тооцох боломжгүй ба утааны 70 гаруй хувь нь гэр хорооллоос хамааралтай гэсэн судалгаа ч гарсан байдаг.

Угтаа агаарын бохирдлыг бууруулах ажил нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг төсөвлөж, зарцуулж байсан. Сайжруулсан зуух, утаагүй түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдол одоогийнхоос 50-60 хувиар буурна гэж урьдчилан тооцоолж байсан.

Ингээд “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар 18,2 тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ ч нэг их үр өгөөж авчирсангүй. Нийслэлийн гэр хорооллын айлуудад ганцхан өвөлд сайжруулсан 600.000 тонн түлш хэрэгтэй байдаг тухай судалгаа гарсан байдаг.  Өнгөрсн жилүүдэд сайжруулсан түлшээр нийт иргэдийн  ганцхан хувийг нь л хангаж ирсэн байдаг. Гэсэн ч сайхан ярианы эхлэл сайхан ажил болсонгүй утаагүй түлшний үйлдвэрүүд сураггүй боллоо.  Сайжруулсан түлш үйлдвэрлэх яриа байгаа мэт сураггүй.

Мэргэжилтнүүдийн тооцоолж байснаар гэр хорооллын айл өрхүүд утаагүй зуухандаа боловсруулсан түлш түлвэл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж байсан. Гэвч бодит үнэн гэвэл тэрхүү боловсруулсан түлшний үйлдвэр мартагдсан дууль боллоо.

Ингээд гэр хорооллын иргэд боловсруулсан түлш биш түүхий нүүрсээ түлж, олон олон оныг утаан дундаа униартан өнгөрөөх л үлдэж байх шиг байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus