Түүхэнд байгаагүй олон тамирчин РИО-г дайлаар мордоно

Хүн төрөлхтний их баяр цэнгэл, зуны олимпийн 31 дэх наадам эхлэхэд ердөө л 37 хоног үлдээд байна. Олимпийн эрх олгох тэмцээнүүд ерөнхийдөө өндөрлөж, Риог зорих тамирчдын нэр эцэслэн тодорч эхэллээ. Одоо жүдогийн тамирчид Улаанбаатарт нэг чуулна. Мөн “Их дуулга” ангиллын нэг тэмцээн байгаа. Тэгээд л Олимптой золгоно. Манайхны хамгийн их найдлага тавьдаг чөлөөт, буудлага, боксын тамирчдын хувьд Олимпийн эрх олгох тэмцээнүүд дууссан.
 
Хамгийн бахархууштай нь Монголын тамирчид Рио-2016 Олимпийн наадамд түүхэнд байгаагүй олон хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болоод байна. Манай улс ердөө л 10 гаруйхан, сайндаа л 20 давсан хүний бүрэлдэхүүнтэй Олимпийн наадамд оролцдог байсан цаг саяхан. Лондонгийн Олимпийн наадамд манайхан 29 тамирчин оролцуулж байсан нь гайхалтай амжилтаар нэрлэгдэж, шуугиулж байсан шүү дээ. Тэгвэл Рио-гийн Олимпийн наадамд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцох нь. Ямар ч байсан албан ёсоор Олимпийн эрхээ авсан 36 тамирчин байгаа юм. Уг нь 37 байснаас чөлөөтийн нэг тамирчин допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар эрхээ хураалгасан билээ. Тэгвэл усанд сэлэлтийн хоёр тамирчин цагаан хуудсаар Олимпийн наадамд оролдоно.
 
Энэ удаагийн Олимпийн наадамд оролцох хамгийн олон эрхийг жүдогийнхон авсан. Эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жин буюу 13 жинд Олимпийн наадамд оролцохоор болоод байгаа юм. Эмэгтэйчүүдээс +78 кг-д Монголыг дэлхийд төлөөлж байгаа О.Жавзмаа хараахан эрхийн оноогоо гүйцээж чадсангүй. Гэхдээ л Монголын жүдочид түүхэндээ анх удаа бараг л бүтэн багаараа Олимпийн наадамд оролцохоор боллоо. Эрэгтэй баг бүр бүтэн багаараа оролцож байна. Энэ бол жүдогийн их гүрнүүдтэй өрсөлдөхүйц амжилт. Мөн чөлөөтийн баг тамирчид 10 эрх авсан. Гэвч нэг хүн эрхээ хураалгасныг дээр дурьдсан. Тэгвэл эрэгтэй баг бүтэн багаараа Рио-2016 Олимпийн наадамд оролцохоор болоод байна. Энэ бол түүхэн амжилт. Хамгийн сүүлд 1992 онд манай эрэгтэй чөлөөтийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Олимпийн наадамд оролцож байж. Түүнээс хойш 24 жилийн дараа ийн зургаан тамирчин Рио-д өрсөлдөх нь. Дээрээс нь эмэгтэйчүүд гурван эрх авсан байгаа.
 
Энд дурьдахгүй байж боломгүй амжилтыг манай боксын тамирчид гаргалаа. Түүхэндээ боксын тамирчид таван эрх авч байсан юм билээ. Тэгвэл энэ удаад зургаан эрх авч, Рио-г зорихоор болоод байна. Хамгийн сүүлд хоёр тамирчин эрхээ авснаар ийн түүхэн амжилтыг үзүүлж чадлаа. Монголын спорт үнэхээр илт хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө манай өмнөө барих жүдо, чөлөөт, бокс, буудлагын төрөлд хэдэн тамирчин Олимпийн наадамд оролцдог байлаа даа. Нийлээд л 10 гаруйхан хүн л өрсөлдөнө. Бусад төрлөөс оролцох тамирчин ч байсангүй.
 
Гэтэл өнөөдөр зөвхөн жүдогоос л 13 тамирчин Олимпийн наадамд зодоглох гэж байна шүү дээ. Энэ чинь улс орон хөгжиж, төр засаг, спортод элэгтэй хүмүүс мөнгө төгрөгөө харамгүй зарцуулж байгаагийн ач тус. Цаашлаад топ дөрвөн спортын төрлөөс гадна хөнгөн атлетикийн тамирчид маань цахиур хагалж эхэллээ. Тэр дундаа марафон марафон гүйлтийнхэн дөрвийн дөрвөн эрх авчихлаа. Энэ бол гайхалтай амжилт.
 
Мөн таеквондогоор түүхэндээ анх удаа Олимпийн эрх өөрийн чадлаар авлаа, манай тамирчин. Байт харвааныхан маань ч дутахгүй нэг эрхтэй болсон. Хүндийн өргөлтөөс ч нэг эрх зулгаачихлаа. Энд зөвхөн Олимпийн наадмын эрх авсан тамирчдыг л дурьдаж байна. Паралимпийн эрх авсан тамирчдаа нэмээд тоолбол Рио-д манай 40 гаруй тамирчин очих нь тодорхой байна. Энэ бол түүхэн амжилт. Ийм амжилтаар бахархахгүй байхын арга алга.
 

Монголын тамирчид хоёр алтан медаль авах уу

 
Олон тамирчин Олимпийн наадамд оролцох эрхээ авсантай холбоотойгоор хэдэн медаль авах вэ гэдэг таамаг дагаж байгаа. Манай тамирчид 2008 онд Бээжингийн Олимпийн наадмаас хоёр алт, хоёр мөнгө авч байсан. Харин Лондонгийн олимпийн наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль авч байлаа. Энэ хоёр Олимпийн наадамд манай улс 30 хүрэхгүй тамирчнаа оролцуулж байсан юм. Тэгвэл одоо түүнээс даруй 10-аар олон тамирчнаа оролцуулахаар болчихоод байна. Тэр дундаа жүдо, боксынхон өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Боксынхон гэхэд Бээжингээс 2008 онд алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Харин 2012 онд Лондонгоос мөнгө, хүрэл медаль хүртсэн. Ямар ч байсан сүүлийн хоёр Олимпийн наадмаас хоёр медаль авсан буухиагаа тасалсангүй. Тэгвэл энэ удаад түүхэнд байгаагүй олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа учраас ядаж л хоёр медалийн буухиагаа таслахгүй байх болов уу.
 
Дээрээс нь жүдогийнхон үеийн үед найдлага алдаж үзээгүй. 2000 онд хоосон хоцорсныг эс тооцвол. 2008 онд Н.Түвшинбаяр аварга алт авсан. 2012 онд Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл медаль дээр бууж байлаа. Тэгвэл энэ удаад бүхэл бүтэн 13 тамирчин оролцоно. Тэр дундаа эрэгтэй баг бүтэн багаараа оролцох юм. Монголын жүдочдын ихэнх нь жиндээ нэлээд амжилттай яваа. Эрэгтэй 60 кг-д Ц.Цогтбаатарт найдаж болно. Медаль дээр буучихсан байхад гайхаад байхааргүй чадвартай тамирчин. Бага хий гаргаж барилдвал хангалттай чадвар бий. 66 кг-д барилдах Д.Төмөрхүлэг Олимпийн наадамд амжилт гаргах цаг, тохироо нь бүрдчихсэн тамирчин. Түрүүлчихсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. 73 кг-д Г.Одбаярт, 90-д Л.Отгонбаатарт, -100-д Н.Түвшинбаяр аваргад найдлага хүлээлгэх гээд байгаа.


 
Эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 57-д Д.Сумьяа, 63-т Ц.Мөнхзаяа нар найдаж болохоор байгаа. Чөлөөтөөс С.Батцэцэг гавьяатыг финалдах болов уу гэж бүх хүн харж байна. Дээрээс нь эрхээ авсан нөгөө хоёр эмэгтэй тамирчиндаа ч найдаж болно. Харин хэн Рио руу явах вэ гэдгээс их зүйл шалтгаалах байх. Эрэгтэйчүүдийн хувьд найдах тамирчин олон байна. Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, П.Өнөрбат, Ж.Чулуунбат, О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга гээд бүгдэд нь найдлага тавьж, болно. Эрэгтэй баг ийм л хүчирхэг, чадвартай, авьяаслаг тамирчдаас бүрдэж байгаа юм.
 
Мэдээж буудлагынхандаа бас найдлага тавих учиртай. Энд нэг зүйлийг дурьдахад, улс орнуудын спортын чансааг тооцоолж, олимпод медаль хүртэх боломжийг нь тодорхойлдог “Infostrada” цахим хуудас 2016 оны эхний чансаагаа гаргасан. Энэхүү чансаанд Монгол Улсын багийг Рио де Жанейрогийн олимпод 10 медаль хүртэж, багийн дүнгээр 33 дугаар байр эзэлнэ хэмээн таамагласан байна. Спортын төрөл бүрээ арван хуруу шигээ мэддэг 100 гаруй шинжээч, спортын 250 гаруй төрөлд судалгаа явуулдаг. Дэлхий даяар болж буй уралдаан тэмцээний дүн, тэр ч байтугай хэн, хэнтэй хэрхэн өрсөлдсөн зэргийг харгалзан үзэж, сүүлийн 15 жилийн үзүүлэлтийг судалгаандаа ашигладаг учраас эдний таамаглал биелэх магадлал өндөр байдаг. 2012 оны Лондоны олимпийн наадмын медалийн жагсаалтыг 80 хувийн магадлалтай гаргасан нь эдний судалгааны чанарын нэг илэрхийлэл юм.
 
Тэдний судлаачид Монголын багийн хоёр алтан медалийн эзнээр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөх Д.Сумьяа, Чөлөөт бөхийн 63 кг-д оролцох С.Батцэцэг нарыг нэр цохсон. Д.Сумъяа сүүлийн үед том тэмцээнд босоо байгаа. Дэлхийн мастеруудын тэмцээнд гурав дараалж түрүүлсэн. 57 кгд түүнтэй өрсөлдөх цөөхөн жүдоч байгаа юм. Алдаа гаргачихгүй л бол түрүүлнэ.
 
С.Батцэцэг гавьяат дэлхийн аваргаар бүх өрсөлдөгчөө илт давуу ялсан учраас түүнийг түрүүлэх хүний тоонд багтаахгүй гээд ч яах билээ. Мөн М.Уранцэцэг гавьяат, П.Өнөрбат нарыг финалдана гэж энэхүү сайт таамагласан байгаа юм.
 
Тэгвэл Нэгдсэн улсын өдөр тутмын чөлөөт хэвлэл “USA Today” сонины спортын мэргэжилтнүүд Олимпийн наадам бүрийн өмнө медаль хүртэх тамирчдын тухай өөрсдийн таамгийг гаргадаг. Бүх спортын төрөлд медаль хүртэх тамирчдын нэрийг өөрсдийн хувилбараар гаргадаг учир олон улсын сэтгүүлчид тэдний мэдээллийг хүлээж суудаг юм. “USA Today” сонины спортын мэргэжилтнүүд 2008 оны Бээжингийн зуны Олимпийн наадмаас Монгол Улс алтан медаль авна гэж таамаглаж байсан “мэргэн харваачид”.
 
Мөн 2012 оны Лондонгийн наадмаас Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, нийтдээ гурван медаль авна гэж бичиж байлаа. Тухайн үед жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг түрүүлнэ гэж тооцож байлаа. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмааг Японы Юүка Нишидатай финалдаж, мөнгөн медаль хүртэнэ гэж “прогноз”-лжээ.
 
Мөн Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамба хүрэл дээр бууна гэж таамаглаж байв “USA Today” сониноос гаргасан Олимпийн медаль хүртэх тамирчдын 63.9 хувь тухайн наадмаас ямар нэгэн медаль авч байсан учир улс орнуудын спортын холбоод тэднийг ямар таамаг гаргахыг хүлээх болсон билээ. Мөн “USAToday” сонины зүгээс бөхийн төрлүүдэд хэн нь 2016 онд медальд хүрэх вэ гэсэн судалгааг хийгээд эхэлжээ. Тэдний таамаглаж байгаагаар Монголын жүдочид хоёр медаль авна гэсэн бол чөлөөтийнхөн нэг хүрэлтэй нутаг буцна гэжээ.
 
Түүнчлэн буудлагын спортын төрөлд О.Гүндэгмааг доод тал нь шигшээ наймд үлдэнэ гэсэн байна. Харин нийт медалийн тоогоор АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Англи, Авсрали, Япон, Франц, БНСУ, Италийн баг эхний аравт орно гэдгийг урьдчилан таамаглаад байгаа.


Монголын мэдээ
Н.Пунцаг

Бусдад түгээх
  • gplus