Сонгуулиа өгцгөөе, залуус аа

Парламентын ээлжит сонгууль маргааш болно. Өглөө 07:00 цагаас саналт хураалт эхэлж, орой 22:00 цагт өндөрлөх учиртай. Бид дөрвөн жилийн хугацаанд төрд төлөөллөө илгээх эрхээ ийм багахан хугацаанд л эдэлдэг. Ердөө л ганц өдөр бид сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцсоноор дөрвөн жил үр шимийг нь үзэх ёстой юм. Гэтэл манай залуучууд сонгууль өгнө гэдгийг ард түмэн төр барих эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр гэдгийг ойлгохгүй байна. Нөгөө талаасаа хэтэрхий хариуцлагагүй, мэдлэг мэдээлэлгүй, залхуу хойрго хандаж байгаа юм. Сонгууль өгөөд яах юм, хэрэггүй. Аль нь ч гарсан ялгаагүй, бүгд адилхан. Төрд гарсан болгон нь муу гэдэг явцуу нэг л ойлголттой болчихож. Тэгсэн мөртлөө сонгуулийн дараа ялсан, олонхи болсон, дөрвөн жил төр барьсан нам, улс төрийн хүчин, эвсэл, гишүүдийг муулдаг.
 
Уг нь бид өөрсдөө л зөв хүнээ сонгож, дараа нь түүнээсээ хариуцлага нэхдэг болмоор байна. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг. Бид сонгуулиа өгөхгүй залхуурч, эсвэл хэн нэгний ухуулсан ухуулгад урхидуулж хэвтэж байх зуур өөр хэсэг нь төрд гарах ёсгүй хүмүүсийг сонгож байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн гар хөл болсон нөхдүүд, цүнх баригчид, мөнгө авсан хэсэг бүлэг гээд өөрийн эрх ашгийн төлөө л санал өгдөг хүмүүсийн эргэн тойрон дахь нь төрд сарчихаж байгаа юм. Яг үнэндээ сонгуулиар миний, чиний, бидний, залуу хүн бүрийн санал дутдаг юм шүү дээ.
Магадгүй та нэг нам дэмждэг байж болно. Гэтэл сонгуулиа өгөөгүйгээс болоод тэр намын чинь нэр дэвшигч ялалт байгуулахгүй бол яах билээ. Нэг нэр дэвшигч нь ялалт байгуулж чадаагүйгээс болж тухайн нам, эвсэл төр барьж чадалгүй, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй болбол яана. Эсвэл та хүнийг нь харж, төрд илгээх ёстой гэж бодож байсан ч саналаа өгөхгүй бол ялалт байгуулахгүй ч байж мэднэ.
 
Та төрд шинэ, залуу хүн хэрэгтэй. Төрд салхи оруулах цаг болсон гэж боддог байж болно. Тэгвэл тэр бодлоо үр дүнд хүргэхийн тулд шинэ хүнээ сонгох ёстой биз дээ. Өнөөдөр бид Монгол Улсыг өөрчлөх хэрэггэй гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Ард түмний амьдрал сайхан болж, улс орон хөгжихийг харахын хүслэн болж буй байх. Тэгсэн мөртлөө өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, зөв сонголтоо яагаад хийхгүй байгаа юм. Улс орон хэцүүдлээ, тэр нь ч тэглээ, энэ нь ч ингэлээ гээд л хий хоосон муулаад байдаг. Тэгвэл муу санагдсанаа өөрчлөхийн төлөө, сайн гэснээ дэмжихийн тулд саналаа идэвхтэй өгцгөөе.
 
Анх Монгол Улсад сонгууль болж байсан 1992 онд сонгуулийн ирц 95 хувьтай байж. Гэтэл 2012 оны сонгуулиар ирц дөнгөж 65 хувьтай байж. Энэ жил үүнээс ч бага байвал яах вэ. Сонгууль дахин явуулах шаардлага гарвал яана. Иргэд бидний татварын мөнгө үргүй урсана л гэсэн үг. Энэ хэний буруу байх вэ, хойргошиж, идэвхгүй байсан залуучуудын л буруу шүү дээ. Яг үнэндээ сүүлийн жилүүдэд нас тогтсон хүмүүс л сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа. Дээр дурьдсан 65 хувийн ирцийн бараг 70-75 хувь нь настайчууд байгаа гэдэгт эргэлзэх юм байхгүй. Өөр сонголт хийж, өөрөө сэтгэх ёстой залуучууд бид зүгээр л гэртээ хэвтээд, төр барих эрхээ ч эдлэхгүй л байгаа шүү дээ. Тэгээд нэгж өгнө гэхээр очдог байх жишээтэй. Ийм хариуцлагагүй байдлаа өөрчлөх цаг болсон. Бид хүссэн сайхан ирээдүйгээ авч ирэхийг хүсч байгаа л сонголтоо зөв хийж, сонгуульдаа идэвхтэй оролцох цаг болсон шүү дээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus