Уламжлал алдагдаж тамирчин хүний эрх зөрчигдөж байна

Чөлөөт бөхийн дэд мастер, Ахмад бөх Д. Ганболд начны найрааны талаар өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрээр Монгол Улс Манжийн дарлалаас ангижраад 100 гаруй жил болж байгаа хэдий ч Манжийн хууль, ёсыг халаагүй хэрэглэсээр байна.

Мөн хүний эрхийг дээдэлсэн шударга Үндсэн хуулийг батлаад 22 жил болсон ч, хүний эрхийг зөрчиж, Үндсэн хууль зөрчиж ам авах гэдэг ёс оршсоор байгаа нь найрааны начин төрөх, авлига хээл хахуулиар цол авах зэрэг ёс бус зүйл дэлгэрсээр байна гэсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та МҮБХ-ноос гаргасан удаан барилдсан бөхийг шодох барьцыг буруушааж байна. Мөн начны найрааны талаар ч таны ярианд нэлээд хөндөгдлөө?

-Ам авах гэдэг монгол уламжлал биш манай улсыг 200 гаруй жил дарласан манж амбан бөхөө давуу эрх олгож, байнга үзүүр түрүүнд хүргэхийн тулд ам авах, гоц мөргүүлэх, биед наалдаж барьц өгдөггүй торгон зодог шуудаг гэдгийг гаргаж ирсэн.

Гэтэл МҮБХолбоо нь энэ ёс бус зүйлийг арилгах талаар юу ч хийдэггүй, зөвхөн Бөхийн өргөөгөө яаж алдахгүй байх вэ гэдэгт цаг заваа зарцуулж суудаг газар болсон. Дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж. Ганболд, улсын начин Н.Дуламсүрэн нарын бөхчүүд Бөхийн өргөөг яаж булааж авах вэ булаацалдаж ах дүүсээрээ эзэн суухыг боддогоос, бөхийн хүрээнийхэн бөхийг шинэчлэх, авлига найраагүй болгох талаар юу ч хийдэггүй.

МҮБХ-ны гаргасан ганц дүрэм нь удаан барилдсан бөхийг шодож, араас нь тойруулж барьж хаядаг барьц юм. Энэ дүрмийг гаргаж ирэхээс өмнө нийт бөхчүүдийн 90 хувь нь 100-аас доош жинтэй байсан бол, одоо нийт бөхчүүдийн 90 хувь нь 100-аас дээш кг жинтэй болж эрүүл мэндээр хохирч, зүрх судас, сахарын өвчтэй болсон.

Удаан барилдах нь бөх хөгжсөнөөс болсон гэж МҮБХ үздэг ч энэ нь барьц олддоггүй зодог шуудагнаас болж байгааг ойлгодоггүй. МҮБХ нь огт барьц өгдөггүй далбаа шуудгийг шинээр бий болгосон Арслан Дагвасүрэнг шүүгчдийн тэргүүнээр ажиллуулдаг. Цэцдийн зөвлөл гэж бөх үнэгүй үзсэн бөхийн холбооны хоёр тэргүүнийг өмгөөлж хамгаалсан хэдэн хүмүүс байдаг.

Гэтэл тэдэнд хэдэн зуун саяар цол авч найраа авлига жүжгийг арилгах цэцэн ухаан байхгүй. Харин ч өөрсдөө найраа хийж гурвын даваанд начин горилсон залуус тунаж өгөхдөө цэцэн ухаанаа гаргаж байна. Авлигыг тавын даваанд байдаг, ганцхан начин цолыг мөнгөөр авдаг мэт ойлгодог.

Гэтэл нэгийн даваанаас найраа эхэлдэг 60-70 настай өвгөд өөрийн дагуулж ирсэн нутгийн болон шавь гэх 20 настай залууд мөнгө өгч 1-2 давдаг. Тиймээс маргаантай барилдааныг камераар шүүдэг болгомоор байна.

-Монголын уламжлалд байгаагүй шахааны барьцыг ор тас халъя гэж байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Барьцгүй болчихоор бөхчүүд уддаг. Тэгэнгүүт нь шодоод нэг ёсны азын сугалаа болчихож байгаа юм. Иймд ерөөсөө л монгол бөхийг хурдан түргэн барилдуулах нь чухал. Монгол бөх хурдан түргэн барилдаж байсан түүхэн баримтууд бидний үед байсан. Гэтэл монгол бөхийн далбаа шуудганд нь дөрвөн барьц алга болсон.

Харин одоо шахааны барьцнаас хамгаалаад бөхчүүд масс нэмээд эхлэхээр шахааны барьцнаас унахгүй байна. Хэрэв барьцтай байсан бол нөгөө учраа бөхөө татаж чирээд маш хурдан хугацаанд ажиллаад ирэхээр нөгөө тарган байх шаардлага гарахгүй.

-Энэ саналаа зохих газарт нь хэзээ уламжилсан бэ?

-Би энэ саналаа ССАЖЯ, Спорт бэлтгэлийн төвд хэлээд хоёр, гурван cap болж байна. Гэтэл тэд бид энэ асуудлыг шийдэхгүй "Их эе"-ийг зарлан хуралдуулсны дараа хариу өгье гэсэн. Тийм учраас нэгд, Монголын өв уламжлал алдагдаж тамирчин хүний эрхийг зөрчиж байна, хоёрт, монгол бөхийн техникжилт барьцны асуудал алдагдаад байна.

12 жил "Их эе"-ийг хуралдуулаагүй. Хулгайн журмаар гурван удаа хуралдуулж шүүхийн гурван тогтоол гарсан байгаа юм. Ерөөсөө л бөхийн хамаатан ах дүүс нь бөхийн зүтгэлтэн болчихоод монгол бөх маань өнөөдөр маш болхи болчихоод байна.

 

Д.НЭРГҮЙ
НИЙСЛЭЛ ТАЙМС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.