”Бишрэлт” групп ээ, барилгачдын ажлын хөлсийг өгөөч...

“Их Модун” хэмээх барилгын компанийн эгэл жирийн барилгачид, их мөнгөөр сонгуульдаж буй том намаас нэр дэвшигч “Бишрэлт”-ийн Ундармаа нарын хооронд өрнөж буй өрийн асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Барилгын компанийн ажилчид “Бишрэлт” группээс ажлынхаа хөлсийг нэхэж тэдний салбар болох “Эм импекс” ХХК, “Капитал” банкны үүдэнд өнгөрсөн баасан гаригт очсон юм. Дээрх газрууд хаалгаа барьчихаад ямар ч хариу өгөөгүй.Эцэст нь ажлын хөлсөө нэхсэн хүмүүсийг зөвшөөрөлгүй жагссан гэж цагдаад өгснөөр үйл явдал түр намжсан.

Уг нь цагдаагийнхан ажлын хөлсөө авахыг хүссэн эгэл жирийн барилгачдыг саатуулах бус их хэмжээний өрөө нуун дарагдуулчихаад Их хуралд нэр дэвшиж яваа “Бишрэлт” группын ерөнхий захирал Б.Ундармааг шалгах ёстой баймаар. Нэхэгдэж буй өр нь багаар тооцогдох мөнгө биш, барилга гүйцэтгэлийн ажлын хөлсний нийт өртөг 1.2 тэрбум гэсэн тоо сонсогдож байгаа.

Юу болсныг эхнээс нь тодруулахад, “Бишрэлт” групп 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд өөрийн салбар “Эм импекс” -ийн захирал Б.Болормаагийн захиалгаар Баянгол дүүргийн III хороо, “Нарны гүүр”-ийн зүүн талд байрлах оффис үйлчилгээний барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Их модун” компанитай гэрээ байгуулсан байна. Энэ ажлаа гүйцэтгүүлчихээд 2015 оны наймдугаар сарын 1-нээс хойш санхүүжилтийг нь гацаажээ. “Их Модун” компанийн удирдлагууд болон менежер Б.Эрдэнэцогт “Бишрэлт” компанийн ерөнхий захирал Б.Ундармаа, түүний нөхөр “Капитал” банкны захирал А.Ариунболд нарт хандаж “Тохиролцсон ёсоор ажлаа гүйцэтгэж дуусгасан. Ажлынхаа хөлсийг захиалагч талаас авч чадахгүй байгаагаас ажилчдын цалин болон бусад зардлуудаа гаргахад компанид хүндрэл учирч байна” хэмээн утсаар ярьж, удаа дараа уулзах хүсэлт тавьж, эцэст нь захидал бичээд ч жил тойронгийн хугацаанд хариу эс өгчээ.Аргаа барахдаа “Эм импекс” компани, “Капитал” банкны үүдэнд очиж мөнгөө нэхсэн нь энэ ажээ. Учир нь тухайн барилга гүйцэтгэлийн ажлын захиалагч нь “Эм импекс” компани, санхүүжүүлэгч нь “Капитал” банк. Энэ хоёр байгууллага хоёулаа “Бишрэлт”-ийн салбар. Толгойд нь эхнэр нөхөр, эгч дүүс байдаг учраас гэр бүлийн бизнес гэж ойлгогдоно. Бас нэг сонин санхүүгийн баримт байгаа нь “Капитал” банкнаас барилга гүйцэтгэлийн ажлын эхний санхүүжилтийг хийхдээ “хаагдсан данснаас” гүйлгээ хийсэн баримтууд байна. Мөн банкны “дотоод данснаас” мөнгө шилжүүлж байсан баримтууд ч байна. Банкны хөрөнгө бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Түүнийг өөрсдийн хувийн бизнесийг явуулахын тулд нэг компанийн данс руу шууд шилжүүлж байсан нь эргэлзээтэй, эрсдэлтэй асуултуудыг дагуулж байна. “Их Модун” компанийн захирал Б.Цогтсэргэлэнгээс ажилчдынхаа ажлын хөлсийг нэхэхэд “Капитал” банк, “Бишрэлт” группын зүгээс ямар хариу өгснийг лавлахад “Банкинд мөнгө орж ирэнгүүт бүгдийг нь сонгуулийн зардалд хийж байна.Та нарын ажлын хөлсийг өгөх ямар ч боломжгүй” гэж А.Ариунболд захирал нь хэлсэн. Гэр бүлээрээ нийлж луйвар хийж байна” гэж бухимдангуй хариулсан. Эндээс банкаар үйлчлүүлж буй иргэдийн мөнгийг сонгуулийн зардалдаа шилжүүлээд байгаа гэсэн үг үү гэсэн бас нэг асуулт гарч байна. Ийм том групп яагаад бусдыгаа үл хүндэтгэж ингэж чирэгдүүлнэ вэ. Ажил гүйцэтгэсэн өртөг зардлыг нь өгөхгүй энэ мэтээр жил тойрон чирэгдүүлвэл жижиг компани бол сульдаж шууд дампуурна шүү дээ. Гайгүй нэг нь ч гэсэн хөл дээрээ зогсоход хэцүү. Ажлын хөлсөө нэхнэ, амьдрах л гэж яваа хүн юм хойно банк, компанийнх нь үүдэнд очиж зогсох юу ч биш тэсвэр тэвчээр нь барагдана, элдэв авир гаргана. Тэгэхээр нь танхайрлаа, жагслаа гэхчлэн цагдаад өгчихөөд, өөрсдөө буруугүй үлдэж, өрөө төлөхгүй завшаад байж болох уу? Их хуралд нэр дэвшиж яваа “Бишрэлт” компанийн захирал Б.Ундармаа мөрийн хөтөлбөртөө “Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэсэн байгаа. Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн ажлын хөлсийг өгөхгүй хохироож байж өөр ямар бизнес эрхлэгчдийг дэмжих юм бэ гэсэн бодол эргэцүүлэл “Их Модун” компанийн ажлын хөлсөө нэхсэн барилгачид, Их хуралд нэр дэвшигч “Бишрэлт”-ийн Ундармаа нарын хооронд өрнөж буй үйл явдлаас анзаарагдаж байна. Буруу зөвийг хууль хяналтын байгууллагууд тогтоох биз ээ.


Зууны мэдээ
Л.Хэрлэн

Бусдад түгээх
  • gplus