ГССҮТ-д 18 саяын бодисыг 10 дахин өндөр үнээр шахах гэж байна

-Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн MRI аппаратын засвар үйлчилгээг хариуцаж байгаа “Саммит медикал” компани зах зээлд 18 сая төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа 800.000 литр буюу нэг тонн хүрэхгүй хэмжээний гелийг 175 сая төгрөгөөр худалдан авах гэж байна-

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн MRI оношилгооны аппаратын засвар үйлчилгээний зардалд шаардлага­тай 160 сая төгрөгийг төсвөөс шийдвэрлэж чадахгүй байгаагаас болоод тус эмнэлэг оношлогоогоо зогсооход хүрсэн төдийгүй Эрүүл мэнд, спортын яам уг асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах гэж байгаа талаар манай сонин өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байсан. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тэр үед ажиллаж байсан С.Ламбаа уг MRI аппаратын засвар үйлчилгээг “ Саммит медикад” компанид түрээсээр хариуцуулах саналыг дэмжсэн бөгөөд Гэмтэл, согог судлалын төв тус компанитай хамтран ажиллах гэрээ хийхдээ оношилгоо үйлчилгээний ашгийг тавь, тавин хувиар хуваах байдлаар шийдвэрлэх гэж байсан юм.

Энэ талаарх мэдээлэл цацагдсаны дараагаас Эрүүл мэнд, спортын яам асуудалд шуурхай хандан MRI аппаратын засварын 160 сая төгрөгийг газар дээр нь шийдвэрлэж өгсөн. Тэрчлэн “Саммит медикал” компани MRI аппаратын засвар үйлчилгээг гүйцэтгэхдээ оношлогоо үйлчилгээний ашгаас хувь авахаар гэрээнд тохирсон зүйлгүй гэдгээ манай сонины редакцид ирж тайлбарлаж байсан юм.


ГССҮ-д 2016 оны 5 дугаар сарын 9-нд баллон бүхий гелийг буулгажээ

Юутай ч Гэмтэл, согог судлалын төвийн MRI аппарат яаралтай засвар үйлчилгээгээ шийдэж, хэвийн ажиллаж эхэлсэн юм. Уг аппаратын хэвийн ажиллагаанд хамгийн чухал зүйл нь хөргөлтийн систем. Харин хөргөлтийн систмеийг ажиллуулахын тул гели хэмээх шингэнийг байнга сэлбэх шаардлагатай байдаг. Уг шингэнийг гадаадаас өндөр үнээр авдаг, тэрчлэн тасралтгүй хэмжээгээр хөргөлтийн систем рүү нэмж байх ёстой гэдгийг “Саммит медикал” компанийн холбогдох албан тушаалтан бидэнд тайлбарлаж байсныг санаж байна. Засвар, үйлчилгээнд гаргаж байгаа зардлын дотор гели хэмээх бодисын үнэ хамгийн өндөр байдаг гэсэн ойлголт үлджээ. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэд хэдэн эмнэлэгт дээрхтэй ижил, төстэй MRI аппарат байдаг. Тэдгээрт мөн л хөргөлтийн систем, гели шаардагддаг нь тодорхой юм. Тиймд гели хэмээх бодис MRI төхөөрөөмжийн хэвийн ажиллагаанд хэдий хэмжээгээр шаарддагддаг, тонн нь ямар үнэтэй байдаг зэрэг жишгийг олж мэдэх хэцүү биш. Энэ бүхнийг тоочихын учир нь гэвэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн MRI аппаратын засвар үйлчилгээг хариуцаж байгаа “Саммит медикал” компани зах зээлд 18 сая төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа 800.000 литр буюу нэг тонн хүрэхгүй хэмжээний гелийг 175 сая төгрөгөөр худалдан авах гэж байна. “Саммит медикал” компанийн худалдан авч байгаа энэхүү өндөр үнэтэй гелийг улсын эмнэлгийн буюу Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн MRI аппаратын хэвийн ажиллагаанд ашиглах гэж байгаа хэрэг. Тэгэхээр улсын эмнэлгийн нэрээр төсвөөс ийм өндөр үнэтэй худалдан авалт хийж, зах зээлийн үнээс хэд нугарсан ашгийг хэсэг бүлэг хүмүүс олохоор завдаж байгаа гэж ойлгогдож байна.

Бидэнд байгаа баримтаар бол энэ оны тавдугаар сарын 8-нд ОХУ-аас Алтанбулагийн хилээр хоёр баллон гели тээвэрлэгдэн орж ирсэн бөгөөд гаалийн бүрдүүлэлт дээр нэг баллон гелийн үнэ 18 сая төгрөг гэж бичигдсэн байгаа юм. Уг хоёр баллон гелийн нэгийг нь нэгэн хувийн эмнэлэг 18 сая төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд нөгөөг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 170 гаруй сая төгрөгөөр “шахах” гэж байгаа нь энэ. Зах зээлийн үнийг 10 дахин нугалсан шахааны бизнес хэдий хугацаанд үргэлжилж байгааг хэн ч хэлж мэдэхгүй биз ээ.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд дээрх оношилгооны аппаратыг “Саммит медикал” компани анх нийлүүлсэн бөгөөд өдгөө засвар үйлчилгээг нь хариуцаж, үйлчилгээний төлбөрөө тус эмнэлгээс авч байгаа юм. Үүний дээр хөргөлтийн системийн хэвийн ажиллагааг хангах зориулалттай гелийг зах зээлийн ханшаас 10 дахин нугарсан өндөр үнээр шахаж байгаа юм биш биз?

Энэхүү баримжаагүй өндөр үнэтэй худалдан авалтыг төсвийн хөрөнгөөс өнөө маргаашгүй гаргахаар Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд ихэд яаравчилж байгаа аж. Энэ худалдан авалтаас арай яамны холбогдох албан тушаалтнууд хувь авдаг юм биш биз гэх хардлага төрж байгааг ч нуух юун.
Өмнө нь эмнэлгийн зориулалттай хөргөлтийн гелийг Тайваниас тээвэрлэн оруулж ирдэг байсан ч БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэх боломжгүй болж, нэг хэсэгтээ хүндрэл үүсч байжээ. Харин одоо ОХУ-ын Оренбург хотоос Монголын нэг компани оруулж ирдэг юм байна.

Өглөөний сонин
А.Алиман

Бусдад түгээх
  • gplus