Зайсан-Баруун ширээт чиглэлийн аяллын замыг засч эхэллээ

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газар болох Богд хан уулын Зайсан-Баруун ширээт чиглэлийн аяллын замыг тохижуулж эхлээд байна. Өдөрт дунджаар 1000 гаруй явган аялагчид зорчдог болсон 3,6 км урттай энэ чиглэлд  түр амрах цэгүүд, замын тэмдэг тэмдэглэгээ хийж, үзэх зүйлсийн тайлбар, зарим бартаатайхэсгүүдэд хашилт, гүүр тавьж байгаа юм. Ингэснээр тухайн орчны экосистемд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулж, хөрсний элэгдлээс сэргийлэхийн зэрэгцээ аялагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцуулгын үеэр онцоллоо.

2015 оны байдлаар хот орчмын Богд хан уул, Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд аялагч, жуулчид төөрснөөс болж 300 гаруй эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан бөгөөд аялагчид гэмтэж бэртэх явдал ч цөөнгүй гардаг байсан юм. 7 дугаар сард багтаан замын засварыг дуусгана. Өнгөрсөн долоо хоногт мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт  газрын Чингис уул орчмын 6 км зам, Богд хан уулын дархан цаазат газрын Төр хурахын амаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаанаас тогтоосон чиглэлийн дагуу Олле стандартын дагуу тохижуулах ажлыг эхлүүлсэн билээ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus