“Микро”-ны оронд дунд оврын автобус иргэдэд үйлчилнэ
Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс хасах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлсэн. Харин үүнийг дагаад микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал хариултгүй байсан юм.
 
Тэгвэл Нийслэлийн Тээврийн газартай хамтран ажилладаг Бага багтаамжийн үйлчилээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжинд БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Эхний ээлжинд микро автобусаар үйлчилдэг байсан алслагдмал хороолол руу тэдгээр автобусаар үйлчлэх юм байна. Ингээд ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ярилцжээ. 
 
Нийслэлд нийт 340 орчим микро автобус үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнх нь 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus