Словак, Италид ч санал асуулга болох уу

Их Британийн санал асуулгатай холбоотойгоор зарим ажиглагчид Европын холбоо задрах эхний алхам хийгдэж байгааг онцолж байсан юм. Гэхдээ зарим эдийн засагчид нэг их нөлөөлөхгүй гэх дүгнэлтийг хийжээ. Тэгвэл санал асуулгын дараа Словакийн хэт барууны үзэлтэй “Словакийн ардын нам” болоод Италийн сөрөг хүчнийхэн ЕХ-ноос гарах эсэх талаарх санал асуулга явуулах талаар үг унагаж эхлэв.
 
Тодруулбал, “Словакийн ардын нам” энэ долоо хоногийн эхээр эрх баригчдаас дээрх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсан гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдсэн байдаг. Словакчуудын хувьд Ойрхи Дорнодын дүрвэгсдийн их урсгалд хатуу бодлого баримталдаг билээ.
 
Харин Италид саяхан орон нутгийн сонгуульд Ром болон Турин хотын даргын суудлыг авсан “Таван од” хөдөлгөөнийхөн ЕХ-ноос гарах эсэх асуудлаар санал асуулга явуулах байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.
 
Тус улсын Депутатуудын танхимын даргын орлогч, “Таван од” хөдөлгөөнөөс Ерөнхий сайдад нэр дэвших хамгийн магадлалтай байгаа Луижи Ди Майо энэ сарын 21-нд “Раи уно” телевизээр үг хэлэхдээ “Сөрөг хүчнийхэн Италийг евро бүсээс гаргах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргахаар шийдвэрлэлээ” гэж мэдэгдсэн байна. Италид бүх нийтийн санал асуулга ердөө хоёр удаа болж байжээ.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus