Улирах эрхгүй парламент
УИХ-ын дарга З.Энхболд тавдугаар сарын 24-нд захирамж гаргаж, хаврын чуулганыг сарын хугацаатайгаар завсарлуулсан. Өнгөрсөн баасан гарагт энэ завсарлагын хугацаа дуусгавар болсон ч байнгын хороодын ирц бүрдсэнгүй. Аюулгүй байдлын байнгын хороо 50 гарсан хувийн ирцтэй гэсэн боловч хоёр гишүүнтэйгээр хаалттай хуралдаж асуудлаа шийдвэрлэв. 

Энэ удаагийн парламентийн 67 гишүүн дахин сонгогдох хүсэл өвөрлөн тойрог руугаа явсан учир чуулган хуралдсангүй. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүд учраас эрхэм 67 гишүүн чуулганы хуралдаантай гэдгээ “таг мартчихсан” байх.     

Тэд ингэж улиаран сонгуульдах явах зуур, төр эзгүйрэв.

Соц нийгмийн үед муу сурлагатай хүүхдүүдийг анги дэвшүүлдэггүй байв. Хүмүүсийн хэлдэгээр улираадаг байв. Үүний нэгэн адлаар Зи-гийн ангийн есөн гишүүнээс бусад улирахаар тойрог тойрогтоо ажиллаж байна.

Тэгвэл тэдэнд ийм эрх байгаа юу.

Хуульд зааснаар УИХ-ын Хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудал байдаг.  Хамгийн эхэнд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл багтдаг. Уг бол  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, батлахад бэлэн болчихсон байв. Гэтэл Зи даргын парламентын ирц бүрдэхгүй байснаар тавдугаар сард баталчих байсан хуулийн төсөл хав дарагдсан хэвээр байна. Ингэж хэлэх учир нь өнгөрсөн баасан гарагт хуралдах байсан УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд дээрх хуулийн төсөл багтаагүй байсан юм.  Ингэснээр төсөвт байгууллагууд ирэх оны төсвийг боловсруулах боломжгүйд хүрч байна.

Үүнээс гадна УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хуульд заасан 2015 оны төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар одоог хүртэл УИХ-д өргөн бариагүй байна.

 Өмнөх оны төсвөөс сургамж авч, залгамж чанараа хадгалж байж төсөв боловсруулдаг. Эдгээрээс шалтгаалаад төсөв боловсруулж, батлах нарийн шат дараа, цагалбар алдагдаж, хууль зөрчиж, цаашлаад төсөвгүй ч болж мэдэхээр байгаад холбогдох хүмүүс сануулсаар байна.

Гэвч отгон чуулганаар батлагдах байсан хуулиуд шинэ парламент руу шилжихээс аргагүйд хүрч байх шиг.

УИХ-ын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 29-нд буюу энэ долоо хоногийн лхагва гарагт болно. УИХ-ын сонгуульд хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээр шинэ парламент бүрдэнэ. Шинэ парламент анхдугаар чуулганаа хийж, сонгогдсон гишүүд нь тангаргаа өргөснөөр өмнөх УИХ-ын бүрэн эрх дуусгавар болдог.  

Тэгэхээр Зи даргын парламент энэ хугацаанд юу хийж чадахгүй вэ? Амжиж батлаагүй хуулиуд, амжуулж хийгээгүй бүхнийхээ өмнө ямар хариуцлага хүлээх вэ? Тэдэнд улирах эрх бий юу?

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus