Оросын “Renta.ru” сайт Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарыг “Гурван найз” хэмээн тодорхойлжээ. Бүгд найрамдах Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт мөнхийн хөрш гурван орны төрийн тэргүүнүүд гурав дахь удаагийн дээд төвшний уулзалтаа хийсэн нь тус сайтыг ийн тодорхойлоход хүргэсэн аж.
 
Энэ уулзалтаар “Гурван найз” эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан нь түүхэн гэж тодотгохуйц амжилт байсан юм. Энэ асуудал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван улсын дунд эрчимтэй яригдаж байсан. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаар гурван тал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож байсан  бол 2015 онд төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Монголын “Талын зам” төсөл, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсоны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулсан байдаг.
 
Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу авто болон төмөр замын коридорууд, дамжин өнгөрөх тээвэр, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хилийн хянан шалгалтыг хөнгөвчлөх, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 32 төсөл тусгажээ.
 
Тэгвэл энэ удаагийн уулзалтаар талууд гурван баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан ч нэг баримт бичгийг ойрын хугацаанд зурахаар хойшлуулсан байна.
Төрийн тэргүүнүүд юун түрүүн гурван улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрөөс гадна зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн Хяналтын үр дүн харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Харин дамжин өнгөрөх тээврийн асуудлыг энэ удаад хойшлуулсан байна. Ямартай ч, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг үзэглэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
 
Уулзалтын үеэр Хятадын дарга Си Зиньпиний 2014 болон 2015 онд болсон гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үр дүнг сайшааж, өнгөрсөн жил гэхэд Бээжингийн шинэ торгоны зам төсөлд оролдогчдод Хятадын компаниуд нийтдээ 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэдгийг тодотгосон тухай “japantimes” сонинд бичжээ.
 
Мөн хөрш хоёр улсын тэргүүнүүдэд эдийн засгийн коридорыг байгуулж, тээвэрлэлтийн дэд бүтцийн холболт хамтын ажиллагааг бэхжүүлэх, боомтын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хүчин чадал, хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, соёлын солилцоо, байгаль орчны чиглэлээр үр дүнд хүрэхэд хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
 
Харин манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гурван талт хамтын ажиллагааны тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилт ирж буй"-г онцолж, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд гурван талын холбогдох байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан 32 төслийн жагсаалтаас хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг тодорхойлж, эдгээр төслүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн хэрэгжүүлж, идэвхтэй ажиллах санал гаргасан байна. Мөн цаашид “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төв хэмээх механизм байх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгтэй байгааг харгалзан “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг дэвшүүлжээ.
 
Түүнчлэн ‘Төмөр замын төслүүдийг  урагшлуулах бодитой механизм болох гурван талын Тээврийн асуудал эрхэлсэн яамд хоорондын төмөр замын асуудлаарх гурван талт зөвлөгөөнийг тогтмолжуулах хүсэлтэй байна. Гурав дахь удаагийн уулзалтыг энэ оны 8, 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хийж, тулгамдсан асуудлуудаа ярилцахаар төлөвлөж байна” гэжээ.
 
Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Жилийн өмнө Уфа хотноо болсон уулзалтаар бид хамтын ажиллагаагаа олон чиглэлд эрчимжүүлэхээр тохиролцсон орчмын хамтын ажиллагааг бодитой эрчимжүүлэх гурван , талын хөрөнгө оруулалтын 30 гаруй төслийг эхлүүлэхэд дээрх хөтөлбөр нь чиглэгдэж байгаа билээ. Төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төв байгуулан уг хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх талаарх Монголын талын саналыг ирээдүйтэй гэж үзэж байна. Тээврийн салбар, харилцаа холбооны шугам, цахилгаан дамжуулах шугам болон эрчим хүчний хангамжийн маршрутыг байгуулах салбарт хамтын ажиллагааны шинэ санал боловсруулахад дээрх төвийн үндсэн зорилт орпшно. Оросын тал дэд бүтцийн санал, санаачилгад гол анхаарлаа хандуулах болно” хэмээсэн байна.
 
Ямартай ч, Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж улсын хөгжлийн түүхэнд шинэ хуудас, нэгэн шинэ түүхийг Узбекстаны Ташкент хотноо ийнхүү бичлээ. Дашрамд дурьдахад гурван улсын төрийн тэргүүн дамжин өнгөрөх тээврийн асуудлыг энэ удаадаа хойшлуулсан ч, зарчмын хувьд тохиролцсон гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus