Л.Ганбат: Өндөр оноо авсан хүүхдүүдийн  өмнөх сурлагын амжилтыг нягталж, үзнэ
2016-2017 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцагчдын ЭЕШ  энэ сарын 15-19-ны өдрүүдэд явагдаж дууссан. Энэ жилийн шалгалтын  хариу задарсан гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслүүдээр гарч байсан юм. Тэгвэл энэ талаар БҮТ-ийн дарга Л.Ганбаттай ярилцлаа. 

-ЭЕШ-ын хариу задарсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа гэсэн. Энэ талаар тодруулж өгнө үү? 
-Цагдаагийн байгууллагад ЭЕШ-ын нийгэм, математикийн шалгалтын материал задарсан гэх гомдол ирсний дагуу шалгахад урьдчилсан байдлаар дараах хариу гарсан. Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгссөн Э гэгч нь зургаадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан нь тогтоогдсон. Харин хамгийн сүүлд худалдсан хүүхэд нь “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдаалснаас асуудал үүссэн байна. 

-Анхны худалдсан хүүхэд  энэ материалыг хэнээс авсан юм бол?
-Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар  хамгийн анх нэгэн дээд сургуулийн багш цагаар хичээл заадаг  байсан хүүхдэдээ энэ  бодлогыг ирж магадгүй гэж хэлээд бодолтыг нь хийж өгөөд худалдсан юм билээ. Харин энэ нь цааш хэд хэдэн хүүхэд дамжиж очихдоо ЭЕШ-ын хариу гэж задарсан  байна. Тухайн Д гэгч багш ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй 

-Шалгалтын хариу задарсан гэх Математик, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн материалыг шалгаж дууссан уу? Хүүхдүүд олноороо өндөр оноо авч уу?
-ЭЕШ зохион байгуулж дууссан. Дүн гарах ажил хэвийн үргэлжилж байна. Шалгалтын үеэр гарсан мэдээлэлтэй холбоотойгоор БҮТ-өөс математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн үр дүнд олон улсад ашигладаг, шалгалтын дүн бодитой гарсан уу гэдэгт хяналт тавьдаг шинжилгээ явуулсан. Үүнийг график дээрээс харуулж болно. 2014, 2015 оныг үр дүнг энэ жилийн үр дүнтэй харьцуулсан судалгааг гаргасан үр дүн. Энэ нь олон улсад ашигладаг үнэлгээний аргачлал. Шалгалтын дүн хэр бодитой гарсан бэ, тухайн дүнд шууд дүгнэлт хийж болох уу үгүй юу гэдгийг тооцож болдог. Үүгээр шалгаж үзэхэд шалгалтын үр дүн хэвийн явагдсан гэдгийг харуулж байна. Мөн улсын хэмжээнд өндөр оноо авсан хүүхэд өмнөх жилүүдтэй харьцуулахад хэвийн, нормаль тархалттай байгаа нь харагдсан. Өөрөөр хэлбэл, өндөр оноо авсан хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй адил гэсэн үг.

-Үүнээс гадна бар кодтой хариулт  яваад байсан. Энэ нь яг таарч байсан гэх зүйл олон нийтийн сүлжээгээр  тараад байсан шүү дээ?
-Бар кодтой хариулт бүхий мэдээлэл гарсан. Ялангуяа математикийн Б хувилбартай даалгаврын 3-4 хариулт буруу, бусад нь зөв гэх мэдээлэл байгаа. Үүнийг БҮТ-өөс шалгалт дууссаны дараа гарсан мэдээлэл болохыг өөрсдөдөө байгаа баримтад тулгуурлаж мэдээлж байна. Нийт шалгуулагчдын хариултын мэдээлэл дээрээс тулгаж үзсэн. Тухайлбал, бар кодонд байгаа шоглоомын дагуу дуурайлгаж будсан зургаан хүүхэд байна. Үүнийг шалгахад нийслэлд дөрвөн өөр сургуулийн дөрвөн хүүхэд, орон нутгийн хоёр хүүхэд байна. Эдгээр хүүхэд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, өндөр оноо авах хэмжээний сурахаар сургуулийн хүүхэд байсан. Тэгэхээр бар кодтой шалгалтын дүн гэх материал шалгалтын үеэр байгаагүйг баталж байгаа юм. 

-Тэгэхээр бар кодтой баримт шалгалтын дараа гарсан гэсэн үг үү?
-Яг тийм. Энэ бар кодтой мэдээлэл нь шалгалтын өмнө биш дараа нь тарсан.  Ингээд энэ жилийн ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалт хэвийн үргэлжилсэн гэдгийг баталж байгаа юм. Шалгалтын эцсийн хариуг өнөөдөр мэдээлэх боломжгүй. Засалтын үйл ажиллагаа хийж байгаа. Шалгалтын эцсийн хариу долоодугаар сарын 1-нд онлайнаар нээлттэй зарлана.

-Олон нийтийн сүлжээгээр  ЭЕШ-ын хариу задарсан гэж тараасан хүмүүст хариуцлага тооцох уу?
-Цаашид БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай, санамсаргүй тараасан нөхдүүдийг зохих байгууллагад албан ёсны хүсэлт гаргана.

-ЭЕШ-ын үеэр багш нарын хяналт маш сул байсан гэх яриа гарсан. Энэ жил хэчнээн хянагч багш ажилласан бэ? Тэд хэрхэн ажиллах ёстой байсан бэ?
-Шалгалтыг ямар нэгэн асуудал гаргахгүйн тулд манай байгууллагаас маш сайн анхаарч, зохион байгуулалт дээр асуудал гаргахгүй байхаар хичээж ажилласан. Тухайлбал энэ жил шалгалт явагдаж байгаа бүх байрууд дээр метал илрүүлэгч төхөөрөмж, утасны сүлжээ унагагч байрлуулсан. Мөн 10 мянга гаруй багш нар хянагч багшаар ажилласан. Эдгээр 10 гаруй мянган багш нарыг нэгдсэн нэг удирдлагаар хянаж ажиллахад хүндрэлтэй байдаг. Зарим нэг шалгалтын байруудад тухайн хянагч багшийн буруугаас үүдэж  зөрчил гарсан тохиолдол байхыг үгүйсгэхгүй.  Тухай бүрд нь бид авах ёстой арга хэмжээг авч, хариуцлага тооцоод явж байгаа. Яг хянагч багшаар ажиллаж байгаа хүмүүсийг тухайн дүүргийн боловсролын хэлтсээс манайд гаргаж өгдөг. 

-Улсын  хэмжээнд  ажил үүргээ сайн биелүүлээгүй  хянагч багшийн талаар хэчнээн гомдол ирсэн бэ? Үүнээс болж шалгуулагч хохирсон тохиолдол бий юу?
-Улсын хэмжээнд хоёр багшийн талаар гомдол ирээд байна. Энэ нь шалгалтын байранд хүүхдүүдэд мэдээлэл муу өгч, процетурын алдаа гаргасан тохиолдол бий. Үүнийг тухай бүрд нь хүүхдүүдийг хохиролгүй байдлаар шийдвэрлэсэн.

-Өндөр оноо авсан хүүхдүүдийг сайн сурлагатай хүүхэд мөн эсэхийг шалгана гэж байсан. Энэ талаар тодруулж өгнө үү? 
-Тэрийг бол бид шалгаж үзсэн байгаа. Одоогоор бол нийтэд хэчнээн хүүхэд өндөр оноо авсан байна гэж хэлэх боломжгүй. Долоодугаар сарын 1-нд албан ёсоор нийтэд ил болно. 

-Шалгалтын  материал боловсруулахад нууцлал, аюулгүй байдал зэргийг хэрхэн хянадаг вэ? Ер нь  билет боловсруулахад хэчнээн хүн оролцдог вэ?
-Шалгалтын материал боловсруулах, хяналт тавих, уутлах, битүүмжлэх, тээвэрлэх гээд энэ бүх ажилд нийтдээ 40 орчим хүн ажилладаг. Эдгээр хүмүүсийг шалгалт эхлэхээс бүтэн нэг сарын өмнө  утасгүй, интернетгүй, бүрэн камержсан вакумжуулсан орчинд  цагдаагийн хяналт, хамгаалалт дор байлгадаг. Эдгээр  хүмүүсийг шалгалт дууссаны дараа буюу зургаадугаар сарын 19-ны орой гаргадаг. 

-Энэ жил арай эрт гарсан гэх зүйл мөн яригдаж байсан?
-Бүгд л 19-нд  шалгалт  дууссаны дараа гарсан. Шалгалт явагдаж байхад гарах боломж байхгүй. Цагдаагийн байгууллагын хамгаалалтад байгаа учраас ийм асуудал үүсдэггүй. 

-Бүх шалгалтын материал зарагдсан гэх яриа гараад байсан. Энэ ямар учиртай юм бол?
-Бүх шалгалтын материал задарсан гэдэг бол ор үндэсгүй зүйл. Яагаад ийм яриа гарсан гэхээр Д гэгч багшийн гаргасан шоглоомийн толгойг нь тухайн хичээлүүдээр сольж тавиад яваад байсан юм байна лээ. 

-Шалгалтын материал задарсан гэж мэдээлэл хийгээд байгаа  эцэг эхчүүдийн хүүхдүүд нь өөрсдөө бага оноо авсан байх магадлалтай учраас ийм зүйл хийж байна гэх яриа гараад байгаа шүү дээ? 
-Манай байгууллагаас яг ямар зорилгоор ийн ташаа мэдээлэл тарааж байгааг хууль хүчний байгууллагаар шалгуулахаар хүсэлтээ өгөөд байгаа. 

-Энэ шалгалтын материал худалдахдаа хэчнээн төгрөгөөр өөр хоорондоо худалдаж байсныг хэлэх боломжтой юу? 
-Үүнийг цагдаагийн байгууллагаас мэдээлэх байх.

Дашрамд дуулгахад, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад 200-500 мянган төгрөгийн хооронд шалгалтын хариу худалдаж байсан  гэх хариултыг өглөө. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus