Ирц бүрдүүлэх талаар СЕХ юу хийв

Өнөө жил 18 нас хүрч буй дүү маань өчигдөрхөн утас цохив. Тэрбээр, иргэний үүргээ биелүүлж анх удаа сонгууль өгөхийг хүссэн ч хаана ямар байранд очиж өгөх, хэрхэн саналын хуудсаа дугуйлах талаар огтхон ч мэдээлэлгүй учраас мэдээлэл авахаар залгасан нь тэр аж. Мэдээ, мэдээлэлд илүү ойр гэдэг утгаараа энд тэндэхийн сайт ухаж, арайхийн санал авах байр, сонгогчийн санал дугуйлах заавар зэргийг фэйсбүүкээр дүүдээ явуулав.
 
Мэдээж тэр айлд байгаа таван сонгогч яг л адилхан мэдээлэлтэй байгаа нь эндээс ажиглагдаж байлаа. Уг нь сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш Монгол Улсын иргэн нэг бүрт сонгуулиа хэрхэн өгөх тухай мэдэалэл очсон байх учиртай. Гэвч энэ ажлыг хийх учиртай СЕХ маань өнөөдөр юу хийж сууна вэ гэдэгт хариулт эрэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм. Миний хувьд гэхэд дөнгөж өчигдөрхөн л санал өгөх заавар гэсэн хоёр хуудас материал гар дээрээ авч байх жишээний.
 
Гэтэл сонгогчдын сэтгүүл зурагт хуудас өдөр болгон шахуу өрөөнд хөглөрч байна. Манай дүү шиг, надтай адилхан мэдээлэлтэй хүмүүс бишгүй олон бий. Сонгууль хаана ямар байранд очиж өгөхөө мэдэхгүй, анх удаа сонгууль өгч байгаа тохиолдолд саналын хуудсыг яаж дугуйлах талаар тодорхой мэдээлэл аваагүй хүмүүс олон байгаа юм. Нөгөөтэйгүүр, нийгмийн идэвхгүй, санал өгөх ямар ч хүсэлгүй хүмүүс чамгүй олон байдаг нь худлаа биш. Тэр ч утгаараа СЕХ хэвлэл мэдээллээр, сошиалаар, твиттерээр сонгуульдаа хэрхэн оролцох тухай, саналын хуудсаа яаж дугуйлах, хорооны санал авах байр хаана байрлаж буй талаар хамгийн идэвхтэй мэдээлэл түгээж байх учиртай. Хэвлэлийн бүтэн нүүрээр ч хамаагүй хэсгийн хороодын мэдээллийг нийтлээд тарааж байх ёстойсон.
 
Харамсалтай нь тэд энэ ажлаа хангалтгүй, бүр чамлахаар хийж байна. Жилээс жилд сонгуулийн ирц, иргэдийн идэвх улам бүр буурч буй. 1992 онд 95.6 хувьтай сонгууль өгч байсан бол энэ ирц жил бүр 10 хувиар буурсаар 2012 онд 65.4 хувьтай байжээ. Өнөө жилийн сонгуулиар ч хэнийг дугуйлахаа мэдэхгүй байна, санал өгчих хүн алга гэсэн бодолтой хүмүүс олон тааралдаж буйг нуугаад яахав. Гудамжинд гараад л захын хүнээс асуухад “манай тойрогт дугуйлчихмаар хүн алга” хэмээн ярьж байгаа. Сошиал медиагаар иргэдийн санал сэтгэгдлийг тандахад ч ийм хандлага давамгайлжээ. Олигтойхон идэвхтэй ажилладаг байгууллага бол нэг удаагийн судалгаа хийгээд л хандлагыг өөрчлөх гэж ажиллаж байхсан.
 
Гадны ажиглагчид хүртэл  “Өнөө жилийн сонгуулиар ирц хүрэхгүй байх магадлал өндөр байна” хэмээн дүгнэж эхэлжээ. Тухайлбал, Британийн Колумбын их сургуулийн профессор Жулиан Диеркес Монгол Улсын сонгуулийн нөхцөл байдлын талаарх нийтлэлдээ “Ардчилсан нам Засгийн газраас уул уурхайн талаарх баримтлах бодлогод итгэхийг иргэддээуриалж байхад” МАН эсрэгээрээ Монгол Улсын нийт өрийн тухай ярьж явна. Сүүлийн үед гарсан хамгийн том сурталчилгаа нь Тавантолгойн хувьцааг Засгийн газар эргүүлэн худалдан авах асуудал байв. Энэ бол “Сайн уу сонгогчид оо. Бид танд мөнгө өгье” гэсэн популист үзлийн хамгийн тод жишээ байлаа. Энэ мэт баталгаагүй улс төрийн бодлого сонгогчдод эргэлзээ төрүүлж байна. Мөн ирц бүрдэхгүй байх магадлал өндөр” хэмээн бичжээ.
 
Ер нь ч олон жилийн дундаж, өнгөрсөн хугацаанд болсон нөхөн болон дахин сонгуулийн дүнгээс харахад өнөө жил сонгуулийн
ирц 50 хувьдаа хүрэхгүй байх магадлал маш өндөр байгааг нуугаад яахав. Гадны судлаачдаас гадна дотоодын улс төр судлаачид ч үүнийг хэлж байгаа юм. Гэтэл СЕХ өнөөдөр “шүдгүй арслан” гэдэг шиг л үлбэгэр сулбагар ажиллаж байгаад дугнэлт хийх цаг нэгэнт болж. Энэ байгууллага уг нь иргэдийг мэдээллээр хангахаас гадна, сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх талаар ажиллах учиртай. Урамшууллын тогтолцоо бий болгоод ч хамаагүй ирцийг бүрэн хүргэж, үргүй зардал хэмнэх үүрэгтэй байгууллага. Ингэж ажиллах ёстой хэмээн төрөөс ч тодорхой хэмжээний мөнгө өгдөг.
 
Гэтэл сайтууд өдөр тутмын сонин хэвлэл, зурагт, телевизээс сонгогчдын мэдлэгт зориулсан, сонгуулиа өгөхөд уриалсан тоотой хэдэн материал л олж уншиж байгааг худлаа гэж хэлэхгүй байх. Өдөр тутмын сонин гэдэг бол нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг буюу дундаж насныхан уншдаг бүтээгдэхүүн. Өөр өөрийн хүрээлэлтэй. Цахим орчин бол залуусын “амьдардаг” талбар.
 
Гэтэл фэйсбүүкээр л улс төрийн намууд, нэр дэвшигчид өөрсдөө эвлүүлэг байршуулж, нийгмийн үүргээ ухамсарлахыг уриалахаас биш СЕХ-ны албан ёсны бичлэг, уриалга харагдсангүй. Өдөр тутмын ганц нэг сонинд нэг удаадаа л идэвхтэй оролцохыг уриалсан мэдэгдэл гарснаас биш бусад өдрүүдэд эрээд ч олсонгүй. Цахим сайтын орчинтой бол яриад ч хэрэггүй. Тэр чигээрээ нэр дэвшигчдийн бичлэг, мэдээ байршихаас биш тэгж оролцоорой, ингэж саналаа өгөөрэй гэсэн уриалга, заавар зөвлөгөө, идэвхтэй байхыг уриалсан элдвийн бичлэг алга.
Сонгуулиа өгөхийг уриалсан самбар байршуулахыг хуулиар хориогүйгээс хойш рекламын том самбарыг энэ байгууллага жинхэнэ утгаар нь ашиглах ёстой бус уу. Гэтэл тоотой ганц нэгийг бид албан ёсны сайт ажиллуулж байгаа гэх хариулт өгчээ. Тодруулбал, http://songogch.son- guuli.gov.mn веб сайт ажиллуулж байгаа бөгөөд тэндээ бүх мэдээллийг байршуулсан гэнэ. Цахим орчинд байнга ажилладаг нийгмийн идэвхтэй хэсэг бол мэдээж ороод харчихна. Гэтэл гэр хороололд амьдардаг, интернет ашиглах боломжгүй, хөдөө суурин газар амьдарч буй иргэдэд энэ мэдээлэл очиж чадах уу. Нэг сайт олонд танигдахын тулд хамгийн багадаа л гурван жилийн нөр их хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл хэний ч мэдэхгүй нэг сайт ажиллуулчихлаа гээд сонгогчдыг мэдээллээр бүрэн хангачихлаа гэсэн үг биш.
 
Нөгөө талаар СЕХ-нд шийдвэр гаргах эрх мэдэл тун ч дулимаг байгаа нь илт. Хууль зөрчсөн асуудал болгоныг тэд шийдэхгүй харин цагдаа шийднэ. Цагдаа, шүүхээр асуудал орсны дараа л СЕХ шийдвэр гаргах эрхтэй. Гэтэл эдгээр хэрэг нь цагдаа, шүүхийн шатанд замхрах магадлал маш өндөр. Бүхнийг мөнгөөр шийдэж болдог энэ нийгэмд хүссэн шийдвэрээ мөнгөтэй хүмүүс гаргуулчихдаг. Тиймдээ ч СЕХ-д огтхон ч хамаарахгүйгээр олон ч хэрэг шүүх, цагдаа дээр замхрах магадлал өндөр хэмээн хардахад хүрч байгаа юм. Уг нь шинэ хуулиар бүх л эрх мэдлийг СЕХ-д өгнө хэмээн ярьж байсан ч начир дээрээ нөхцөл байдал өөр байх аж. Шүдгүй арслан архирахаас хэтэрдэггүй шиг л СЕХ-ныхон том нэрнээс цаашгүй л ажиллаж байна даа. Хатуу боловч үнэн байдал ийм л байна. Ирцээ бүрдүүлж чадахгүй дахин хэдэн тэрбумаар “шатаж” байснаас төсөвлөсөн мөнгийг үр ашигтайхан шиг зарцуулж, урамшууллын тогтолцоо ч болов хэрэгжүүлээд ч болов улсын мөнгийг хэмнэхсэн, СЕХ-ныхон.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Бусдад түгээх
  • gplus