ХҮНамын Д.Гантулга Сонгуулийн хууль зөрчсөнийг тогтоожээ

Намын даргын суудлаа булаацалдан шүүхдэлцсэнээс эхэлсэн ХҮНамын дотоод зөрчил нэг нэр дэвшигчийнхээ нэрийг эргүүлэн татуулахад хүргэжээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Д.Гантулга Сонгуулийн хуулийн хэд хэдэн заалт зөрчсөнийг намынх нь үүрийн дарга илчилж хуулийн байгууллагад хандсан асуудал анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн байна.

ХҮНамын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 16 дугаар үүрийн дэд дарга Р.Эрдэнэбат УИХ-ын сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Д.Гантулгыг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээх гомдол гаргаж цагдаагийн байгууллагад ханджээ. Уг гомдолд дурдсанаар нэр дэвшигч Д.Гантулга сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу 2016 оны тавдугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нэр бүхий 50 хүнийг “Домогт мэлхий хад” амралтанд амрааж, уралдаан тэмцээн зохион байгуулж ялсан багийг 1 сая төгрөгөөр шагнаж, бусад багуудад 200 мянган төгрөг өгчээ. Улмаар “би сонгуульд ялбал та нарт тус бүр 1 сая төгрөг өгнө” гэж амласан байна. Түүнчлэн дэмжигчийн гарын үсэг цуглуулсан хүмүүст 250 мянган төгрөг өгч, 06 дугаар сарын 1-нд дээрх 50 хүний хүүхдүүдэд бэлэг тараажээ.

Бэлэн мөнгө, бэлэг тараасан, мөнгө амласан, нийтийн хамарсан амралт зугаалга, уралдаан тэмцээн зохион байгуулж ивээн тэтгэсэн зэргээр Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс Д.Гантулга хууль зөрчсөнийг тогтоосон шийдвэр гарсан бөгөөд хариуцагч талын гомдлоор давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Одоо Сонгуулийн ерөнхий хорооноос хууль зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татах асуудлаар шийдвэр гаргах юм байна. 










 

Э.Амар
Shock.mn

Бусдад түгээх
  • gplus