Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын чуулган зарласан ч  ирц бүрдсэнгүй

 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг энэ сарын 24-ны 09.00 цагт зарласан байсан ч гишүүд ирэхгүйгээс уг хуралдаан болсонгүй. Ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар сарын 29-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно.Өөрөөр хэлбэл, сурталчилгааны хоног дуусах дөхсөн, мөн бариа ойртсон учраас хууль тогтоогчид УИХ хаврын чуулганы хаалтыг хийхгүйгээр шинэ парламент бүрдсэнээр хуралдаанаа отголуулах тал руу хандлаа. УИХ-ын сонгуультай жил хаврын чуулганыг хааж байсан тохиолдол бараг байхгүй аж.

Сонгуулийн санал тоолох машиныг орон даяар зэрэг туршлаа

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг баасан гарагт 12:00 цагаас орон даяар зэрэг туршлаа. Энэ сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд иргэдээс санал авах 1998 байр байгуулсан ба эдгээр байруудад сонгуулийн санал тоолох машин нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоожээ. Уг туршилтыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу мэдээлэл технологийн даамлууд хийж гүйцэтгэлээ.

Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцов 

Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ зургадугаар сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /V.25/ эх орондоо ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримов нартай уулзлаа. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэв.

Риог зорих ширэн бээлийтнүүдийн тоо хоёроор нэмэгдэв

“Рио 2016” олимпийн наадмын эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын сүүлийн тэмцээн Азербайжаны Бакуд үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээний 56 кг-д тулалдсан Э.Цэндбаатар, 52 кг-д Х.Энх-Амар нар олимпийн эрхээ өвөртлөөд байгаа билээ.Манай тамирчин “Химийн Цом”-ын аварга,Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Х.Энх-Амар 52 кг-д, Азийн хүрэл медальт Тайландын Танес Онжунтаг ялж олимпийн эрх хүртэж хүрэл медалийн болзол хангасан. Өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө АНУ-ын боксчин Антонио Варгастай тоглосон ч нэгдүгээр үе дуусахаас минутын өмнө эмчийн магадлагаагаар тоглолтоо үргэлжлүүлсэнгүй. Тэрбээр ийнхүү олимпийн эрхийн сүүлийн тэмцээнээс хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.

 
Харин тус тэмцээний 56кг-д  тулалдсан Э.Цэндбаатар Рио зорих эрхтэй болсон. Тэрбээр өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө Японы боксчин Араши Морисакатай тоглож 2:1-ээр яллаа. Тэмцээний сүүлийн мөчид гурван шүүгчийн нийлбэр оноо 19:19-ээр тэнцэж шийдвэрлэх үед Э.Цэндбаатар илүү байж аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байна.
 
Ийнхүү манай боксын тамирчдаас  49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар,  60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар олимпийн эрх хүртэж Риог зорихоор боллоо.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus