Нийслэлийн есөн дүүрэгт 397 санал авах байр ажиллана
Сонгуулийн Ерөнхий хорооноос “Нийслэлийн Сонгуулийн хороо”-г дөрөвдүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулах, санал авах байруудад ажиллах боловсон хүчнийг сургах, гэрчилгээ олгох, сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нарыг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгогч шилжих асуудлыг шийдвэрлэх, саналын хуудас хэвлүүлэх, санал авах байрыг бэлтгэх зэрэг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ажлуудыг хуулийн хугацаанд хийж хэрэгжүүлж байна.

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:
  • Баянзүрх дүүрэгт               - 220,130 буюу 23.8 хувь
  • Сонгино хайрхан дүүрэг  - 205,276 буюу 22.2 хувь
  • Баянгол дүүрэгт                 -140,846 буюу 15.2 хувь
  • Чингэлтэй дүүрэгт              -111.022 буюу 12.0 хувь
  • Хан-Уул дүүрэгт                  -105.874 буюу 11.5 хувь
  • Сүхбаатар дүүрэгт             -96.265  буюу 10.3 хувь
  • Налайх дүүрэгт                   -23,976 буюу 2.5 хувь
  • Багануур дүүрэгт                -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
  • Бага хангай дүүрэгт           -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгдсэн.
Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томилов. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох юм.
Саналын хуудас нийслэлийн хувьд сонгогчийн тооноос хамаарч бусад орон нутгаас хэд дахин их хэмжээтэй байгаа бөгөөд 21 аймагт нэг сая саналын хуудас хэвлэж бэлдсэн бол нийслэлд 924,629 ширхэг шаардлагатай байгаагаас Сонгуулийн Ерөнхий хороо өмнөх жилүүдийн сонгогчдын ирцэд тулгуурлан дараах байдлаар саналын хуудсын тоог хуваарилжээ. Үүнд:
 
  • Багануур дүүрэгт               - 18,713
  • Бага хангай дүүрэгт           - 2,681
  • Баянгол дүүрэгт                 - 127,678
  •  Баянзүрх дүүрэгт              - 205,291
  • Налайх дүүрэгт                  - 22,999
  • Сонгино хайрхан дүүрэг   - 194,567
  • Сүхбаатар дүүрэгт            - 86,454
  • Хан-Уул дүүрэгт                 - 97,848
  • Чингэлтэй дүүрэгт             - 103,223 нийт 859,454 саналын хуудсыг хэвлүүлж дууссан бөгөөд 06 сарын 22-ноос эхлэн дүүргүүдийн сонгуулийн хороонд, 06 сарын 26-наас өмнө санал авах байруудад тараахад бэлэн болоод байна. 
 
Сонгогч бүр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг Улсын бүртгэл, стастистикийн ерөнхий газрын www.burtgel.mn веб сайт руу орж шалгах боломжтой. Мөн нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа мэдэж амжаагүй байгаа бол www.cityelection.ulaanbaatar.mn цахим хуудас болон 1800-1617 утаснаас үнэгүй лавлах боломжтой.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus