Евро 2016:Польш, Португал, Уэльсийн багууд шилдэг наймд шалгарлаа
Өнгөрсөн шөнө “Евро 2016” тэмцээний хасагдах шатны шилдэг 16 багийн тоглолтууд эхэллээ. Хасагдах шатны хамгийн эхний тоглолт Польш болон Швейцарын шигшээ багуудын хооронд явагдсан бөгөөд тоглолт нягт хамгаалалт дор явагдаж байв. Хоёр баг төдийлөн аюултай довтолгоонуудыг гүйцэтгээгүй ч нэгдүгээр үед Польшууд тооны харьцааг нээж чадав. 

Эхний гоолыг оруулснаас хойш польшууд хамгаалж, харин Швейцарь довтолж тоглосон. Швейцарийн удаа дараалсан довтолгоо улам аюултай болж, Шакири унаж татсан гоёмсог гоолыг Польшийн хаалганд хийж чадав. Ийнх хоёр багийн довтолгоо амжилт олохгүй байсаар үндсэн цаг, нэмэлт цаг 1:1-ээр тэнцэж, шөвгийн наймын  эрхийн төлөө торгуулийн цохилт хийлээ. Торгуулийн цохилтыг хоёр багаас эхэлж гүйцэтгэсэн хоёр тоглогч тоог 1:1 болгосон. Харин Швейцарийн залуу од Жака  цохилтыг алдсанаар Польшууд торгуулийн цохилтод 5:4-өөр илүүрхэж цааш  шалгарсан юм.



Өнгөрсөн шөнийн хоёр дахь толглолтод Их Британийн хоёр баг ЕАШТ-д таарсан нь Уэльс болон Умард Ирландын шигшээ багууд байв. Тус хоёр багийн тоглолт тун сонирхолтой болж Уэльсийн ялалтаар өндөрлөлөө. Энэ цаг үеийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч, Реал Мадрид багийн од Гарет Бэйлийн оруулсан цорын ганц гоолын ачаар Уэльсчууд ЕАШТ-ий аяллаа цааш үргэлжлүүлэхээр болсон юм. 



Ингээд  шөвгийн 16 багийн олны анхаарлыг хамгийн их татаж байсан  учраа болох Португал, Хорватын багийн тоглолт манай цагаар 04:00 цагт эхэлсэн. Хорватын багийн сайн тоглолт, нягт хамгаалалтыг олон хүн магтаж,  хэсэгтээ нэг ч хожил авч чадаагүй гурваар гарч ирсэн Португалын багийг төвөггүйхэн хожиж, цааш шалгарч улмаар финалд шалгарах боломжтой хэмээн олон хүн таамаглаж байсан.  Дэлхийн хамгийн шилдэг тамирчнаар ахлуулсан Португалын багийн хамгаалалтыг асуудалтай хэмээн олон мэргэжилтнүүд үзэж, тааруухан байгааг шүүмжилж байсан юм.



Ингээд тоглолт эхлээд хэдэн минутын дараа хэсгийн тоглолтод  тоглож байсан Португалын багийн тоглолт эрс өөрчлөгдөж, тэдний хамгаалалт маш нарийн зохион байгуулалттай болсон байлаа.  Энэ ЕАШТ-ий хамгийн их довтолж тоглож байгаа Португалчууд эхний үед нягт хамгаалж, хаалга рүү тун цөөхөн цохьсон. Хорватын хувьд ч нягт хамгаалж, Португалчуудын хамгаалалтыг сэтэлж чадахгүй байв.  Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0:0 харьцаатай өндөрлөсөн. Ингээд шилдэг наймд үлдэхийн төлөө тэд дахин 30 минут тоглохоор болов. Нэмэлт цаг дуусахад ердөө хоёрхон минут дутуу байхад сэлгээгээр орж ирсэн Р.Куарежма  гоолдож, энэ толголтын цорын ганц гоолыг хийснээр Португалчууд олон хүний таамгийг эвдэж, цааш шалгарлаа. 


 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus