Өнөөдөр наадмын сорилго барилдаан болно
Монгол оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны түүхт ойд зориулсан Наадмын сорилго барилдаан өнөөдөр буюу 6-р сарын 26-ны 14 цагаас болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно.

Наадам дөхсөн энэ өдрүүдэд бөхчүүд нутаг нутгийнхаа болон байгууллага, спорт клубынхантайгаа наадмын бэлтгэлдээ гарсаар байна.Тухайлбал Харзтайн амралтад Увс аймгийн “Увс нуур” дэвжээнийхэн болон Баян-Өлгий аймгийн “Бес богда бүргэд” дэвжээнийхэн айлссан агаад Сэлэнгэ аймгийн “Таван-Хан” дэвжээнийхэн мөн тэнд гарах аж. Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд тогтмол гарч буй Цонжин болдгийн ойролцоо Гео-Мандал амралтын баазад гарчээ.

Харин Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн Түргэний гол буюу Бугын САА-даа уламжлалын дагуу гарсан гэнэ. Мөн энд “Хилчин” спорт хорооныхон жил бүр гардаг уламжлалтай. Булган аймгийн “Булганхангайн хүчтэнүүд” Дуган хадандаа бэлтгэлээ базааж буй бол Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээнийхэн энэ жил мөн тэнд шинээр бэлтэлд гарчээ.

Сүхбаатар аймгийн “Жавхлант" дэвжээнийхэн Төв аймгийн нутагт байрлах "Хайрын бэлэг" амралтын газар бэлтгэлээ базаахаар саяхан төвхнөөд байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus