Бичлэг эвлүүлж нэр дэвшигчдийг шантаажилдаг бүлэг этгээдүүд баригдлаа

Энэ удаагийн УИХ-ын сонгууль урьд урьдынхаас илүү улайрсан, бохир, шударга бус болж байна. Сонгуульд нэр дэвшигчдийн талаар элдэв бичлэгүүд олон нийтэд цацаж, нэр хүндэд нь халдах замаар сонгогчдын сонголтонд нөлөөлөхийг оролдох гэсэн увайгүй үйлдлүүд их гарч байгаа билээ.

Нэр бүхий гэрчийн мэдээллийн дагуу цагдаагийн газар шуурхай ажилласны үр дүнд өчигдөр шөнө нууцаар хуурамч бичлэг, эвлүүлэг хийж нэр дэвшигчдийг шантаажилдаг, сошиал сувгуудаар цацаж нэр хүндэд нь халддаг том бүлэглэлийг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс X хороололд байрладаг нэгэн бичлэгийн студийг битүүмжлэн шалгаж байгаа ажээ. Энэ шалгалтын үеэр УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн эсрэг хуурамч бичлэг эвлүүлж байсан нь тодорхой болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ удаад түүний эсрэг дайралтаа илүү ноцтой болгож, секс бичлэг зохиомжилж байсан нь илэрчээ. Үүнийгээ сонгуулийн сурталчилгаа хаахаас өмнө олон нийтэд цацахаар бэлдэж байсан аж. Уг хуурамч бичлэгийг хийхийн тулд гадаадаас өндөр хэмжээнд бэлтгэгдсэн таван график дизайнерийг хөлслөн авчирсан байх магадлалтай байгаа юм. Сонгууль эхэлснээс хойш хар пиарын хамгийн хүчтэй цохилтуудыг амсч байгаа нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгт эмэгтэй хүнийх нь хувьд секс бичлэг бэлдсэнээс гадна монголчуудад хамгийн хүчтэй нөлөөлдөг Хятадын эрлийз гэсэн дараагийн зохиолоо ч гаргасан байжээ.

Зөвхөн бичлэг тараахаас гадна бичлэгийг онлайнаар байршуулсны дараа сошиал сувгуудаар шэйр хийж, олонд хүргэх зорилготой 500 хүнтэй баг бэлтгэгдсэн байсан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Энэ хэрэг тогтоогдвол УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан, гүтгэлэг хийсэн, садар самууныг сурталчилсан , заналхийлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн өндөр хэмжээний хариуцлага хүлээх юм. Л.Эрдэнэчимэг гишүүний эсрэг зохион байгуулалттай маш их хэмжээний хар мэдээлэл маш өндөр зохион байгуулалттайгаар цацагдан мөн бэлтгэгдэж байгаа нь Таван Толгойн нууц гэрээтэй холбоотой байх гэсэн таамаглал олон нийтийн дунд хэдийнэ тархжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus