Юу болоод өнгөрчихөв
Хуулийг жинхэнэ утгаар нь гууль болгодог гэдгийг сүүлийн дөрвөн жил утгаар нь харлаа. АН ч ард түмэнд харуулж, үзүүлж, бас "бишрүүлж" чадлаа. Эцэг хуулиас авахуулаад эх хууль, хүү хууль гээд ямар л хууль байдаг юм бүгдийг нь зөрчиж бас үзүүллээ. "Мундаг юмаа, мундаг юм"... "Бяртай ч юм...". Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулийн заалт, Яс үндэс, угсаа гарвалаар ялгахгүй гэсэн мөн Үндсэн хуулийн заалтыг улан дороо хийж байгаад дэвсэлж орхилоо, тэд. "Олуулаа болно", "Онцгой амьдруулна", "Хаустай болгоно", "Хүн шиг амьдруулна" гэсэн сайхан уриа лоозонг 2012 онд монголчууд өвөртөлж унтах нь холгүй байж байгаад сонгууль өгсөн. Олуулаа болохыг хүссэн хүмүүсийг олуулаа болгосон. Андуураагүй сонголт байгаасай гэж залбирсан. Харамсалтай нь ард түмний хайрыг АН-ынхан даан ч даасангүй дээ. Тэдний гаргасан шийдвэр бүхэн ард түмний эсрэг байсныг өнгөрөгч дөрвөн жил нотлон харуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газар нүд ирмэхийн зуурт эдийн засгийн уутны амыг урвуу харуулаад сэгсэрч орхисон гавьяаныхаа горыг амсаж огцорсон.

Харин "Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг" гэсэн лоозонтойгоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Шийдэл"-ийн тодотгол өмнөө нэмж ажлаа эхлүүлсэн ч өр зээл тавихаас өөр ид шидийг монголчуудад үзүүлж чадсангүй. Ямар сайндаа л байдагаа барчихаад төрийн албан хаагчдын цалинг, хасна, танана гэж ярьж суух вэ дээ. Сөрөг хүчин Монгол Ардын Намынхан үүн дээр хөөрхөн тоглолт хийгээд ард түмнээс, тэр дундаа төрийн албан хаагчдаас нэмэх оноо авч чадсан.
 
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus