Т.Гантулга: Японд дадлагажигч гаргах нэрийдлээр ард түмнийг хууран мэхэлж байна
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад 100.000 дадлагажигч гаргах болсон тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр  нийтэд зарласан.  Удалгүй Япон Улсын Элчин сайдын яамнаас, төслийн хэмжээнд яваа асуудлыг өнөө, маргаашгүй шийдэх гэж байгаа мэтээр ташаа мэдээлэл өгч болохгүй гэсэн агуулгатай албан бичиг гаргасан. Гэвч АН-ынхан аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан Японд ажиллах иргэдийг бүртгэж байна хэмээн төөрөгдүүлж эхэллээ. МАН-ын хувьд үүнийг иргэдийн саналыг худалдан авах гэсэн увайгүй оролдлого хэмээн үзэж байгаа ажээ. Энэ талаар МАН-ын  Олон нийт, хэвлэл мэдээлэл, Пи-Ар, сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн дарга Т.Гантулгаас тодрууллаа.  

 
- МАН-ынхан Япон руу дадлагажигч гаргана гэдгийг иргэдийг төөрөгдүүлж байна гэж үзэж байна. Яагаад тэр вэ?

 
-Дүүргүүдэд олон тооны иргэдийг өндөр цалинтай дадлагажигчаар ажиллуулахаар бүртгэж байгаа тухай мэдээлэл бидэнд  ирж байна. Манай нэр дэвшигчдийн зүгээс ч энэ асуудлыг тавих боллоо. Энэ бол худлаа шүү гэдгийг та бүхэнд олон зүйл нуршилгүй хэлмээр байна.  Хэдхэн хоногийн өмнө Японы Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргасан байгаа. Энэ албан бичигт "Япон Улсад гадаадын дадлагажигч хүлээж авах талаар төсөл Японы парламентад өргөн барьсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Ирэх намрын чуулганаар энэ төслийг хэлэлцэх тов байгаа ч уг хуулийн төслийн талаар нийгэмд янз бүрийн  үзэл санаа, зөрчилдөөн байгаа тул  хэзээ батлах нь тодорхойгүй байна. Уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд  Японд дадлагажигч  илгээх сонирхолтой орнуудын дунд яриа хэлэлцээр өрнөнө. Үүний дараа тодорхой тоо, чиглэл нөхцөл болзолын тухай мэдэгдэх боломжтой" гэсэн байна.  Өөрөөр хэлбэл Японд дадлагажигч гаргах асуудал төслийн хэмжээнд яваа гэсэн үг.
 
-Сонгуулийн өмнө амлалт өгөх нь хууль зөрчиж байгаа гэсэн үг үү?

 
-Эрх баригчид маань 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авахаа мэдэгдэж арилжааны банкинд нэлээд урт оочир дугаар боллоо. Удалгүй Япон Улсад 100.000 дадлагажигч ажилтан гаргах тухай мэдээллийг хөөсрүүлж эхэлсэн. Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамнаас тодорхой мэдээлэл өгөөд байхад тэс хөндлөн зүйл яриад байгааг гайхаж байна. Товчхондоо бол Сонгуулийн тухай хууль зөрчихөөс гадна Монголын ард түмнийг хууран мэхэлж, сонгогчдын саналыг худалдан авах явуургүй арга хэрэглэж байна гэж үзэж байна.
 
Ц.Тунгаа 
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

 
Бусдад түгээх
  • gplus