Энэ жилийн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана
Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хаврын тариалалтын явц, урьдчилсан дүнгийн  талаар мэдээлэл хийлээ. 

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалтыг  технологийн хугацаанд  чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажилласны дүнд өнөөдрийн байдлаар нийтдээ  490.5 мянган га-д тариалалт хийгээд  байгаа аж.

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөөд байсан. Тэгвэл 323 мянган га-д тариалахаар төлөвлөсөн үр тариаг 375.2  мянган га-д тариалж, тариалалтыг 116 хувьтай давуулан биелүүлсэн байна.

Мөн хүнсний улаанбуудайг  301.5 га-д тариалахаар төлөвлөснөөс 353.3  мянган га-д тариалж, 117 хувьтай тариалсан байна. Бусад хүнсний ногоо, тарималын тариалалтын тухайд одоогийн байдлаар төмс 14.1 мянган га-д, хүнсний ногоо 7.8 мянган га-д, тосны ургамал  63.7 мянган га-д,  тэжээлийн ургамал  25.1  мянган га-д,  эмийн ургамал  4.2 мянган га-д,  жимс, жимсгэнийг 317 га-д тус тус тариалаад байгаа ажээ.

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж, 13 аймгийн  353.2  мянган га улаанбуудайн талбайг хамруулан ажиллахад, нийт тариалсан талбайн 75.8% нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гэсэн дүн гарчээ.

Хаврын тариалалтын ажлыг хэвийн явуулах зорилгоор тариалалтад дутагдах импортын буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, тариалангийн зориулалттай шинэ техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлүүлсэн байна.

Мөн УИХ-ын 108, Засгийн газрын 42 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор  эхний ээлжинд 2 жилийн хугацаатай,  жилийн 12.5 хувийн хүүтэй  25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлж, улмаар  ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дамжуулан зээлдүүлэх ажлыг хэрэгжүүлсэнээр өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгжид 25.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч,  эхний 13 аж ахуйн нэгжид 5.0 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байгаа аж.

ХХААЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар  дамжуулан  нийтдээ 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр  4.1 мянган тонн  шатахууныг 10-50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосон байна. Мөн 6.5 мянган тонн үрийн буудай импортоор авч 146 аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосноор 40.6 мянган га-д чанар сайтай үрээр тариалах боломжийг бүрдүүлсэн зэрэг хаврын тариалалтыг хэвийн явуулахад чиглэсэн олон үр дүнтэй ажлыг салбар яамны зүгээс хийж хэрэгжүүлсэн байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus