ЭЕШ-ын хариу задраагүй болох нь тогтоогджээ
Их, дээд сургуулиудад элсэн суралцах 2015-2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-ний ням гаригт албан ёсоор дууссан. Таван өдөр үргэлжилсэн уг шалгалтын үеэр математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг, биологи, хими зэрэг хичээлүүдийн шалгалтын сэдэв болон даалгавар задарч, зарим нэр бүхий сургуулийн төгсөгчид уг материалыг худалдаж авсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан сурагчид хийгээд эцэг эхчүүд үүнд маш их харамсаж буйгаа илэрхийлж хэвлэлийн хурал хүртэл зарласан билээ. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин явуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Харин энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс тодруулахад "ЭЕШ-тай холбоотой буруу ташаа мэдээлэл цацаж байна. Бид шалгалтын хариу задарсан худалдаж авсан гэх мэдээлэл гарсны дагуу холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийхийг хүссэн. Зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар мөнгө олох зорилготой төөрөгдүүлж байж болзошгүй. ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах, нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг" хэмээсэн юм.
 
Тэгвэл  ЭЕШ-ын хариу задарсан гэх асуудалд цагдаагийн байгууллага шалгалт хийжээ. Уг шалгалтаар шалгалтын хариу задраагүй бөгөөд шалгалтад ирж магадгүй гэх тестийн хариуг хувиараа давтлага өгдөг нэгэн багш сурагчдаа худалджээ. Ингээд энэ хариултыг сурагчид хоорондоо дамжуулж  ам, дамжсаар ЭЕШ-ын хариу хэмээн андуурч бие биедээ худалдсан асуудал үүсчээ.   Тухайн багшийн хувьд ЭШЕ-ын   билет боловсруулахад огт оролцдоггүй нэгэн хувийн дээд сургуульд ажилладаг нэгэн аж. Түүнчлэн ЭЕШ-ын хариу задарсан гэх Математик, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн хувьд олон улсын стандартчиллын аргачлалаар хариултыг шалгаж үзэхэд олноороо өндөр  оноо авсан тохиолдол гараагүй бөгөөд өнгөрсөн жилүүдийн дундаж хэмжээнд байгааг БҮТ-ийн мэргэжилтэн мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus