Үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх амьдарч байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан зургадугаар сарын 23-ны өдөр болж хуралдаанаар, үер усны аюулаас сэргийлэх талаар Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр үер усны аюулаас сэргийлэх талаар Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын тухай мэдээлэл өглөө. Тэрээр, Улаанбаатар хот орчим энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орж Туул, Сэлбэ, Улиастай голын түвшин 30-40 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд байна. Борооны улмаас зарим гудамж талбайд үерийн ус хуримтлагдан хүндрэл үүссэн. Нийслэлийн Онцгой байдлын газарт  энэ өдрүүдэд үер устай холбоотой 51 удаагийн дуудлага ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Автозамын газар,  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргийн нэгж салбаруудаас нийт 180 хүн, 30 гаруй техниктэйгээр усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах, орчныг аюулгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажилласнаар хүний амь нас эрсдээгүй, айл гэр урссан тохиолдол гараагүй гэлээ. Мөн дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн хашаанд ус орсон дуудлага эзэлж байгааг онцолсон юм. Үргэлжилэн орсон борооноор Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нийт 189 хашаа, гэр, байшин, зоорийн давхар  усанд автсан гэсэн мэдээллийг мөн өглөө.  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны 126 айлын гэр, байшин, хашаа, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж, 72 нүхэн жорлон, цооног усаар дүүрч халин орчны бохирдол их хэмжээгээр үүссэн байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод Салхитын 1 дүгээр гудамжны орчим автозам доогуурх ус гаргалгааны хоолойг иргэд зориудаар тагласны улмаас ус автозамд тулж хальсан. Нүхэн гарцыг Нийслэлийн Автозамын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Эрдэнэ зам” ХХК-иас нийт 22 хүн 4 техниктэйгээр ажиллан онгойлгож, айлуудын дундуур  суваг татсан. Автозамд эвдрэл үүсээгүй гэв. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжны ойролцоох үерийн ус зайлуулах сувгийн гаргалгаанд хог урсан ирж битүүрснээс 7 өрх усанд автсан. Дүүргийн 21,27 дугаар хорооны 32 айлын гэр байшин, хашаа, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж, 14 нүхэн жорлон, цооног усаар дүүрч халин орчны бохирдол их хэмжээгээр үүссэн гэж тэрээр таницлууллаа.

Танилцуугыг сонсоод, нийслэлийн Засаг дарга үерийн аюултай бүсэд амьдарч байгаа хэдэн өрх байгааг тодрууллаа.  

Тэрээр,  2504 өрх өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд амьдарч байгаа. Манай байгууллагын зүгээс эдгээр айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмж өгч, нүүх тухай албан шаардлага хүргүүлдэг ч 60-70 хувь нь бид өөрсдөө хариуцлага хүлээнэ гэсэн хариулт өгдөг.  Мөн үер усны аюулаас  урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, суваг, шуудууд хаясан хогыг цэвэрлэх, битүүрсэн гарцыг нээх зэрэг ажлыг хийж байгаа ч  үерийн даланг хогоор дүүргэх,  чулуугаар бөглөх зэрэг хариуцлаггүй үйлдэл гаргаж байгаа иргэд цөөнгүй байна гэсэн юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас, үер болсны дараа гал унтраасан байдлаар арагцаагаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Ирэх саруудад дахин их хэмжээний бороо орох урьдчилсан төлөв байгаа учраас үерийн бүсэд байгаа айл өрхүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх   зохион байгуулалтын ямар ажил хийх нь илүү үр дүнтэйг мэргэжлийн байгуулагын хувьд судлан, дахин танилцуулах үүрэг  өглөө.
 

Бүх шатны дарга нарын зөвшөөрөл олгох тухай гарын үсэгтэй шийдвэр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн лангуун дээр ил болно


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд  танилцуулаа.

Төрийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн хурдан тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус тус байгуулсан.  

2016 оны 1 дүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвд Нийслэлийн үйчилгээний нэгдсэн төвийг байгуулснаас хойш 4 сар гаруй хугацаанд 201,109 үйлчилгээ үзүүлж байсан бол 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш сар гаруй хугацаанд 205 535 үйлчилгээ үзүүлсэн байна.  Эхний 200 000 үйлчилгээний хувьд дунджаар нэг үйлчилгээг 9 цаг 14 минутад шийдвэрлэж байсан бол одоо энэ хурд нэмэгдэн нэг үйлчилгээг дунджаар 4 цаг 46 минутад шийдвэрлэж байгааг тэрээр онцлов. “Дүнжингарав” худалдааны төвд байгуулсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлээс үзүүлдэг үйлчилгээнүүдээс гадна  Засгийн газар, Яам агентлагын 8 байгууллагын 99 үйлчилгээг үзүүлпэг. Харин Драгон салбарт  голчон газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн  бол Мишээл салбарт барилга барихтай холбоотой  үйлчилгээг төвлөрүүлжээ. Цаашдаа энэ 2 салбарт Засгийн газар, яамдуудаас үзүүлдэг бусад үйлчилгээг нэмэх хэрэгтэй байгааг тэрээр хэллээ. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр нийслэлд хаягласан бүх албан бичгийг авч байгаа бөгөөд бичиг бүрийг төрлөөр нь ялган яаралтай албан бичгийг өргөдөл гомдлын цахим системийн тусламжтайгаар дараагийн шат руу шилжүүлж байгааг хэллээ.

Цаашид үйлчилгээг сайжруулахын тулд программ хангамжийн хөгжүүлэлтийг тогтмол хийх, сүлжээ, серверийн хэвийн аюулгүй байдлыг ханган ажиллах, үйлчилгээний хүсэлт, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, зэрэг зохион байгууллатын арга хэмжээ авах шаардалгатай байгааг хэллээ. “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн зөвлөх Г.Зориг, үйлчилгээг илүү хурдан, сайн болгохын тулд үйлчлүүлэгч бүрийг кодтой болгон, кодыг уншуулснаар тухайн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой шаардлагатай бүх мэдээлэл нэгдсэн байдлаар гардаг байх хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм. Нийслэлийн  Засаг дарга, бид дарга нарын үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг лангуун дээр ил тавих зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Тиймээс яг л энэ зарчмын дагуу зөвшөөрөл олгодог бүх шатны дарга нарын гарын үсэгтэй шийдвэр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн лангуун дээр ил байх хэрэгтэй. Тухайлбал би захирамжаа гарын үсэг зураад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн  төвийн лангуун дээр тавимаар байна. Иргэн газрын эрхээ сунгахаар хүсэлт гаргасан бол шаардлагтай бүх мэдээллээ нэгдсэн төвийн хариуцсан ажилтанд өгч, тухайн ажилтан холбогдох материалуудыг нэгдсэн мэдээллийн сангаас шалган үзээд, ямар нэг зөрчилгүй бол шууд дардас дарснаар тухайн иргэний асуудал бүрэн шийддэг л байх хэрэгтэй.  Эхний ээлжинд газрын эрх сунгах тухай миний захирамжуудыг лангуун дээр ил болгож нэгдсэн төвөөс шууд олгодог байхаар шийдэх хэрэгтэй гэсэн юм. Энэ боломжийг судалж, шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus