Британичууд сонголтоо хийлээ

Британичууд өнөөдөр Европын холбоонд үлдэх эсвэл гарах гэсэн хоёр сонголтын аль нэгийг нь сонгоно. Санал хураалт орон нутгийн цагаар өчигдөр 07.00 цагт эхэлж, 22.00 цагт дууссан бөгөөд түүнээс хойш санал тооллого албан ёсоор эхэлсэн байна. Бүх нийтийн санал асуулга сонгуультай адил зарчмаар явагдаж, нийтдээ 46499537 хүн оролцон өөрсдийн сонголтоо дугуйлна. Үлдэх, эс үлдэх гэсэн хоёр сонголын аль нэгийг дэмжих улс төрийн хүчнүүдийн компанит ажиллагаа дөрвөн сарын хутацаанд үргэлжилж, гагцхүү өчигдөр тэрхүү мэтгэлцээнд иргэд цэг тавилаа. Их Британийн түүхэн дэх гурав дахь удаагийн бүх нийтийн санал асуулгын явцыг эх орон даяараа Би Би Си агентлаг шууд дамжуулан үзүүлсэн байна. Санал асуулгын хуудас маш энгийн асуулттай. “Та Их Британийн Европын холбоонд гишүүнээр үлдэхийг хүсч байна уу, эсвэл гарахыг дэмжиж байна уу” гэх.
 
Улмаар нийт санал асуулгад оролцогсдын 50-иас илүү хувийн саналыг авсан хариулт Европын холбоо болоод Их Британийн цаашдын хувь заяаг шийдэх учиртай. Одоогоор орон даяар 382 санал авах байр ажиллаж буй бөгөөд тэд 22.00 цагаас санал тооллогыг эхлүүлжээ. Их Британийн иргэд ЕХ-нд үлдэх болон гарах гэсэн хоёр хоёр сонголтын алийг нь хүссэнийг уншигчиддаа долоо хоногийн тойм дугаартаа хүргэх болно.
 
Харин хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгад ямар үр дүн гарч байсныг сонирхуулья. Гэхдээ санал асуулга бүр өөр, өөр үр дүнг илтгэж байна. Сүүлийн нэг санал асуулгад “Гарах” сонголтыг 45 хувь нь дэмжиж байсан бол “Үлдэх”-ийг 44 нь хувь нь дэмжиж, тэдний зөрүү ердөө ганц хувь байгаа юм. Харин өөр нэг санал асуулгад “Үлдэх”-ийг санал асуулгад оролцогсдын ихэнхи нь дэмхиж, улмаар хоёр сонголтын аль алиныг дэмжих улс төрийн хүчнүүдийн мэтгэлцээн ширүүсэх хандлагатай болсон. Гэхдээ аль ч санал асуулгад 10 орчим хувьд ногдох хүмүүс аль сонголтыг хийх нь шийдээгүй байгаа нь анхаарал татаж байна.
 
Тэдний сонголтоос Их Британи ямар шийдвэр гаргах нь шалтгаалах юм. Түүнчлэн, үлдэхийг ихэнхдээ залуу үеийнхэн дэмжиж буй ч, тэд санал асуулгад идэвхтэй оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ тэд гарах сонголтыг хийвэл, санхүүгийн зах зээлд замбараагүй байдал үүсч, ирээдүйд Европын холбоо зүүн, баруун болон хуваагдах хандлага ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тиймээс ч санал асуулга дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Санал тооллого 22.00 цагаас эхэлж, манай цагаар өнөөдөр үдээс хойш 15.00 цаг гэхэд санал асуулгын дүн бидэнд тодорхой болох учиртай.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus