Хэн юу хэлэв

Ж.Батаа: Ам.долларын ханш тогтвортой байна
 
Нэг хэсэг өсч, 2000 төгрөг даваад байсан ам.долларын ханш бага зэрэг буурч эхлээд байгаа. Зарим эдийн засагчид сонгуультай холбоотойгоор зориудаар буулгаж байна ч гэж хардаад байгаа юм. Тэгвэл ам.долларын ханш яагаад буурч байгаа, цаашид хэрхэх талаар Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаа ярьжээ. Тэрбээр
 
“Аливаа бүтээгдэхүүн зах зээлд ховор болж эхлэх үед үнэ нь өсч, харин элбэгших үед буурдаг. Яг үүнтэй адил зарчим валютын захад үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, валютын ханш гэдэг манайд орж, гарч буй валютын тэнцвэрийн илэрхийлэл шүү дээ. Өнөөдрийн байдлаар банкуудын ам.доллар худалдах ханш 1965-1968 төгрөг, Монголбанкнаас зарласанханш 1961 төгрөгт тус тус хүрээд байна. Энэ нь оны эхнээс 35 орчим төгрөг буюу 1.7 хувь, гуравдугаар сарын сүүлээс 90 орчим төгрөг буюу 4.4 хувиар тус тус чангарсан үзүүлэлттэй байна. Хөвөгч ханшийн дэглэм бүхий манай орны хувьд төгрөгийн ам.доллартай харьцах ханш эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог. Мөн эдийн засгийн бүтцийн онцлогоос шалтгаалан улирлын шинжтэй өөрчлөлтүүд ажиглагддаг л даа. Тухайлбал жил бүрийн нэгдүгээр улиралд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид сулрах дарамт ирдэг бол хоёрдугаар улирлаас энэ дарамт мэдэгдэхүйц буурдаг.
 
Өмнөх жилийн мөн үед ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш I улирлын эцсээс 5.1 хувиар чангарч байсан бол 2016 оны II улиралд 4.4 хувиар аажим чангараад байна. Энэ нь дээр дурдсан улирлын нөлөөллөөс гадна Засгийн газар 500.0 сая ам.долларын бонд, 250.0 сая ам.долларын синдикат зээлийг татаж, дотоодын валютын захын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, валютын захад оролцогчдын хүлээлтэд нөлөөлснөөр тайлбарлагдаж байна. Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт шийдвэрлэгдсэнээр Оюутолгой ХК-ийн үйл ажиллагаа эрчимжиж гадаад гүйлгээний орох урсгал нэмэгдэж байгаа гэсэн шалтгаан бий.
 
Сая дурдсан олон хүчин зүйлээс үүдэж төлбөрийн тэнцлийн энэ оны эхний дөрвөн сарын гүйцэтгэл 202.3 сая ам.долларын эерэг дүнтэй гарлаа. Тодруулж хэлбэл, ингэснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарах суурь нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээн ярьжээ.
 
А.Гантулга: Бонд орон сууцны үнийг 10.7 хувиар буулгасан
 
Нэг хэсэг тэнгэрт тулчихаад байсан орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд арай л буураад байгаа. Орон сууцны үнэ бага буурахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэр дундаа бондын үр өгөөж багагүй нөлөөлж байгаа талаар ТОСК- ийн Ерөнхий захирал А.Гантулга ярьжээ.
 
Тэрбээр “Орон сууцны үнэ 10.7 хувиар буураад байна. Дөрөв, таван жилийн өмнө орон сууцны үнэ хэд байсан билээ. Тэр үед ямар хүмүүс барилгын салбарт ажиллаж байлаа гээд бодохоор их өөрчлөлт гарсан. Хятадын компаниуд ороод ирчихсэн монголчуудыг дээрэлхдэг, доромжилдог, хэцүүхэн л дүр зурагтай байсан. “Чингис” бондын үр өгөөжөөр Төрийн орон сууцны корпораци байгуулагдлаа. Тэр үеийн орон сууцны үнийн хөөсрөлийг дарлаа. “Буянт-Ухаа 1” хорооллын байрны квадрат метрийн үнэ 1.2 сая төгрөг. “Буянт-Ухаа 2” хорооллын байрны квадрат метр нь сая 350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Бид “Чингис” бондоос 277 тэрбум төгрөгийн зээл авсан. Жилийн найман хувийн хүүтэй зээл шүү дээ. Үүнийг бид цаг хугацаанд нь төлөөд явж байна. Бондыг буруу зүйлдүрж байна гэдэг үгүй. Иргэд хямд үнээр орон сууцанд орох боломж бүрдсэн.
 
Мөн “Гудамж” төслийг хэрэгжүүлснээр уулзвар, зам өргөтгөж замлаа. Өмнө нь өчнөөн цаг түгжирдэг байхад нэг машин хэдэн литр бензин зарцуулж байсныг монголчууд мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр уулзвараар хурдан шуурхай нэвтэрдэг болсон. Аймаг орон нутгуудад “Гудамж” төсөл хэрэгжиж байна шүү дээ. Төрийн орон сууцны корпораци найман аймагт 1000 айлын орон сууц барилаа. “Чингис” бондын ачаар барилгын материалын үйлдвэрүүдээ дэмжлээ, цементээ 100 хувь өөрсдөө хийдэг боллоо. Өнөөдөр Монголдоо байгаа бүтээгдэхүүнээр цемент хийж, монгол хөрсөн дээр байгаа төмрийг хайлуулж барилгын төмөр үйлдвэрлэж байна. Монгол төгрөгөөр монгол ажилчид маань монгол орон сууц бариад иргэддээ худалдаж байна. Энэ бол маш том алхам. Барилгын салбарт хийсэн маш том өгөөж. Өнөөдөр барилга дээр 5000 монгол ажилчид ажиллаж байна. Энэ бол эдийн засаг болон нийгэмдээ хандсан маш том хөрөнгө оруулалт. Бид бондын ачаар гадаадаас барилгын салбартаа хөрөнгө оруулалт авахаар болсон. Бодит зүйл хийсэн улсад ямар ч хүн хүн хөрөнгө оруулахдаа айдаггуй юм байна. 2018 он гэхэд маш том бүтээн байгуулалт өрнөнө.Үлдсэн 3600 айлын байр ашиглалтад орж, хоёр сургууль, цэцэрлэг, спорт заал гээд хотхонд байх бүх л зүйлийг тэнд цогцдооно” хэмээн ярьжээ.
 
Д.Бат-Эрдэнэ: Хэвлэлээр дамжуулж иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна
 
УИХ-ын ээлжит сонгууль болоход цөөн хоног үлдээд байна. Тэгвэл сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн сонгууль өгөх идэвхийг нэмэгдүүлэх тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар. Мөн сонгогчид сонгуулиа өгөхдөө юунд анхаарах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ ярьжээ.
 
Тэрбээр “Нэгдүгээрт, сонгогчдыг мэдээллээр хангах тал дээр нэлээд ажил зохион байгуулж байна. Мэдээллээр хангах бол сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулахад хамгийн их үр нөлөөтэй ажил. Тийм болохоор СЕХ -ноос http://songogch.songuuli.gov.mn веб сайт ажиллуулж байгаа.Тэр сайтаараа дамжуулж 76 тойрогт нэр дэвшч байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэж байна. Мөн дээрээс нь санал авах байрны байршлууад байгаа. Тухайн сонгогч өөрийнхөө амьдарч байгаа хэсгийнхээ сонгогч мөн уү гэдгийг ч мэдэх боломжтой. Сонгуультай холбоотой зохион байгуулалтын бүхий л шаардагдах мэдээллийг энэ сайт дээр байршуулсан.
 
Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгаануудыг явуулж байна. Дээрээс нь иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүулэх зорилго бүхий ТББ-тай ч хамтарч ажиллаж, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалах чиглэлийн ажлыг ч хийж байна.
 
СЕХ-ноос баталсан загварын дагуу саналын хуудсыг хэвлүүлж дууссан байгаа. Саналын хуудас хоёр хэсгээс бүрдэж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох хэсэг. Доод талд нь аймгийн юм уу нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох хэсэг байж байгаа. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороод, нэг тойрогт нэг мандаттай болсон. Өөрөөр хэлбэл, сонгогчид маань УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бөглөх хэсэгт зөвхөн нэг л дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлна. Нэгээс илүүг дугуйлчихвал саналын хуудас хүчингүй болно.
 
Харин нийслэл болон аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчийн тухайд бол тухайн тойрогт хэдэн мандат олгогдсон байна тэр тоогоор нь дугуйлж болно. Эсвэл мандатын тооноос дутуу тэмдэглэгээ хийж бас болно шүү дээ. Иргэдийн хурлын сонгуульд гурван мандаттай
тойрог байлаа гэж бодьё. Гэтэл тэр тойрогт дэмжихийг хүссэн нэг л нэр дэвшигч байвал түүнийгээ л дугуйлчихаж болно. Өмнө нь энэ тохиолдолд хүчингүй болдог байсан бол одоо тийм биш. Нэг санал чинь тоологдоод л явна. Эсвэл гурван мандаттай байгаа тойрогт гурван хүний нэрийг ч дугуйлж болно гэсэн үг. Магадгүй сонгогчид алдаа гаргаад, илүү тэмдэглэгээ хийчихлээ гэсэн тохиолдолд санал авах байрны ахлах зохион байгуулагчид энэ тухай мэдэгдээд, дахин саналын хуудсыг авах боломжтой” хэмээн ярьжээ.


Монголын мэдээ
Н.Пунцаг

Бусдад түгээх
  • gplus