Тавантолгойн гэрээний ямар нууцыг задруулах вэ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Хятадууд Монголын сонгуулийг удирдаж байгаа юу, Тавантолгойн гэрээний нууцыг дэлгэнэ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төслийг гэнэтхэн өргөн барьсан. Уг тогтоолын төсөл батлагдсанаар “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэх аж.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2.558.175.510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2.475.201 иргэн болон 8.497.671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авах боломжтой болно.  

 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын  2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татна. Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

 Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ” гэх зэргээр боломжит нөхцөлүүдийг дурджээ.

 Өмнөх сонгуулийн жилийн амлалт Тавантолгойн хувьцааг амилуулж чадаагүй нь эрх баригчид одоо алх тогшиж, тогтоол баталлаа ч оройтсон шийдвэр болсон.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд “Тавантолгой”-н хувьцаагаа үнэд хүргэх гэсэн иргэдийн итгэлийг Засгийн газар сэргээж чадсан.

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өчигдөр гаргасан билээ. Энэ үйл явц өрнөж иргэдийн эхний хэсэг 300 мянган төгрөгөөсөө аваад эхэллээ. Харин үлдсэн 70 хувийн хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах боломжтой тухай албаныхан дуулгасан.


Хав дараатай байсан Тавантолгойн ардын ашиглах төсөлд салхи сэвэлзэж эхэллээ. Энэхүү төслийг гацаасандаа бахархаж, баярлаад гүйж явсан эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг ийнхүү хуулийн төслийг өргөн барьж, дараа нь нууц задруулах тухай ярьж эхэллээ.


 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus