Пусан хотын дарга Улаанбаатарт айлчилна

БНСУ-ын Пусан хотын Гадаад хамтын ажиллагааны сангаас зохион байгуулж буй "Пусан сургалтын хөтөлбөр 2016" сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн С.Дулмаа нар оролцож байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг "Urban regeneration & Maintenance management" сэдвийн дор зохион байгуулжээ. 
 
БНСУ-ын 2 дах том хот болох Пусан хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг 2 сард нээсэн бөгөөд энэ нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар Пусан хотуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан алхам болсон гэдгийг талууд онцолж байна. БНСУ-ын агаарын тээврийн “Эйр Бусан” компани Улаанбаатар хотоос Пусан хотруу энэ сарын 24-с эхлэн нислэг хийхээр төлөвлөж, нээлтээ Чингис Хаан олон улсын нисэх буудлын танхимд хийхээр бэлтгэж байгаа юм байна. Пусан хот нь Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрамдалт харилцаа тогтоох талаар дорвитой ажлуудыг энэ жилээс эхлэн эрчимтэй хийж байгаа гэж НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсээс мэдээллээ. 

Тухайлбал, 2016 оны долоодугаар сард Пусан хотын дэд дарга, 08-р сард Пусан хотын дарга нар Улаанбаатар хотноо айлчлахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Айлчлалын үеэр хотууд найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.  Мөн Пусан хотын гадаад хамтын ажиллагааны сангийн сайн дурын ажилтнууд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ажиллахаар болжээ.  Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Пусан хотын Гадаад харилцааны хэлстийн дарга Чой-Ги-Вонтой уулзаж энэхүү айчлалын талаар санал солилцож, бэлтгэл хангах талаар харилцан тохиролцжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus