Аймгийн дарга  аймгийн  иргэдээ хамгаалах учиртай сан...

Сүхбаатар аймгийн төв-Баруун-Урт сумын төвд үерийн ус зайлуулах хоолойд том хүн, хүүхэд хоёр унаж нас барсан харамсалтай хэрэг боллоо. Өчигдөр орсон борооны ус, дутуу баригдсан дамжуулах хоолойгоор  хүчтэй урсаж байх үеэр настай эрэгтэй,  залуу хүү хоёр хамт  явж байгаад усанд унажээ. Эцэст нь Онцгой байдлынхан ирж  цогцосуудыг хоёр өөр газраас гарган авсан байна.

Үүнийг өгүүлэхийн учир нь гэвэл яг энэ хэсэгт сүүлийн дөрвөн жилд  дөрвөн хүн ийнхүү усанд унаж амь насаа алдаад байна. Аймгийн 70 жилийн ойн үеэр дөнгөж 20 шүргэж явсан, давхар биетэй бүсгүй энэ хоолойгоор урсаж амь насаа алдсан хэргийг аймгийн удирдлагууд  нууцлан өнгөрүүлсэн бөгөөд, зарим дарга нар нь ” - Аймгийн түүхт ой  тун сайхан болж өнгөрлөө” хэмээн телевизээр мэдэгдэж байжээ. Үүний дараа мөн л нэг иргэн ийм байдлаар амь алдсан байдаг. Энэ жил ингээд хоёр хүний  золгүй үхэл  нэмэгдлээ.

“Боловсрол” хороолол руу урсаж очдог байсан усыг зайлуулах зорилготой, өндөр өртөгтэй төсөл бол Засаг дарга Ж.Батсуурийн хэрэгжүүлнэ гэсэн анхны  төслийн нэг байжээ. Үүнийг дагуулан “Дөрвөлж” компани дулааны суваг татах ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлынхаа талд ороогүй атлаа захирал нь үнэтэй жип машин аваад уначихсан байсныг нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэгэн шүүмжилж хуралдаан дээр асуулга тавиад ч тодорхой хариулт авч чадаагүй байдаг. Олны ярьж байгаагаар хэдэн жилийн турш  нүх шуудуу ухаж, төмөр хоолой тавих ажил нэг үргэлжилж, нэг зогссоор,  бас энэ хугацаанд хэд хэдэн хүн унаж хөл гараа хугалж гэмтээсээр ирсэн энэ байгууламжийг  дутуу, буруу барьсан учир Улсын комисс хүлээж аваагүй гэсэн яриа ч байна.

Энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ? , аймгийн удирдлагууд хуулийн дагуу, эсвэл ёс зүйн хувьд ямар шийтгэл хүлээх ёстой вэ? гэдэг зүй ёсны асуулт гарч байна. Үүнийг бичсэний  төлөө “хүний үхлээр шоу хийлээ” гэх хүн гарч болох л юм. Тэгвэл аймгийн дарга нь эхний хэргийн дараа  энэ байдлыг дүгнэн ярилцаж, хүнийхээ төлөө  анхаарал тавьж, хоёр гуравхан метр торон хаалт, сараалж төмөр гагнуулчих ажлыг зохион байгуулсан бол өдийд 3 хүн амьд байх байжээ гэсэн олон түмний  харууслыг яалтай вэ?. Уул нь хоёрхон  сарын өмнөхөн  Баруун-Урт сумын нэгдүгээр дунд сургуулийн өмнөх ус зайлуулах худагт нэг хүн унаад арай чүү амьд гарсан тухай мэдээ яригдаж харанга дэлдэж л байсан.

“Тэргүүний”  хэмээх алдрыг дөрвөнтээ хүртсэн  хэмээн гайхуулах дуртай Сүхбаатарын Засаг дарга Ж.Батсуурь УИХ-д дэвшин өрсөлдөж, сонгогч иргэдтэй уулзахдаа “ Би халуун ус барих ёсгүй” гэж зандарч байсан шигээ “иргэд үерийн усны хоолойд урсаж нас барсан нь  надад  огт хамаагүй” хэрэг гэж арай хэлэхгүй байх. Аймгийн дарга, түүний багийнхан нь ард иргэдээ хайрлан хамгаалж, тэдэнд төрийн үйлчилгээг үзүүлдэг нэг ёсны “үйлчлэгчид” л  юм шүү дээ... 



Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

 
Бусдад түгээх
  • gplus