МАХН мөрийн хөтөлбөрийг хянах хөндлөнгийн хяналтын хороог байгуулна
Энэ сарын 26-нд Монгол улсын шилдэг эрдэмтэд МАХН-ын энэ удаагийн сонгуульд танилцуулж байгаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих хөндлөнгийн хяналтын хороог байгуулах гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Энэ талаар МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Т.Мэндбаяртай ярилцлаа.

МАХН 2016 оны сонгуульд танилцуулж буй мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх үүднээс Монгол шилдэг эрдэмтэдийн багтай хариуцлагын гэрээ байгуулна гэлээ. Та энэ талаар тодруулахгүй юу?

Манай нам мөрийн хөтөлбөрөө эрдэмтэн, судлаачдын зөвлөлтэйгээ хамтран боловсруулсан юм. Хөндлөнгийн ажиглагч, эрдэмтэн, судлаачдаар хоёр дахь удаагаа хэлэлцүүлээд байна. ингэсэнээр  нэг талаас хөтөлбөрөө шинжлэх ухааны хэр зэрэг үндэслэлтэй болсныг  дүгнүүлэх, санал солилцох,  дэвшилттэй саналууд, зөвлөмжийг   тусгах, нөгөө талаас хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах баг бүрдүүлэх зорилготой юм. МАХН цаашид улс орноо хөгжүүлэх, аливаа томоохон бодлогод эрдэмтэн, судлаачдынхаа дуу хоолойг сонсч, улс орны хөгжлийн гол тулгуур болсон шинжлэх ухаан, инновацийн салбарыг дэмжин ажиллах юм. Ингэсэнээр дөрөв дөрвөн жилийн мөчлөгөөр явж байгаа эдийн засаг нийгмийн хөгжил урт хугацаанд үр дүнтэй хэрэгжих, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг бодлогоор хэрэгжүүлэх гэж байна. Үүний хөрс суурь нь “Омбудсмен” буюу хөндлөнгийн бие даасан хараат бус хяналтын хороо байх юм. Энэ хяналтын хороо зүгээр нэг шүүмжлэх бус энд шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаа, шинжилгээн дээр суурилсан эрдэмтэдийн багийн ажил хууль дүрэм журмын дагуу явагдана.  МАХН тав хоногийн дараа хөндлөнгийн хяналтын   хороог байгуулах гэж байна.

“Омбудсмен” гэж чухам яг юуг хэлээд байна вэ?

“Омбудсмен”-ийг анх 1809 онд анх Швейд улсад гаргаж ирэн хэрэгжүүлсэн байдаг. Энэ бол гүйцэтгэх засаглалд иргэдийн тавих хяналтыг бий болгох явдал юм. “Омбудсмен” гэдэг нь хүний эрх болон үүрэг гэсэн Скандинов хэлнээс гаралтай үг юм. Өнөөдөр “Омбудсмен”-ийг дэлхийн 100 гаруй орон эрх барьж байгаа засаглалтайгаа зэрэгцүүлэн хэрэгжүүлж байна. Хамгийн сайн загварыг Англи, Дани, Финланд зэрэг бий болгоод байна. “Омбудсмен” хир зэрэг сайн хэрэгжинэ. Төдий чинээ төсвийн зардал бодитой, үр дүнтэй, хариуцлагатай байна.

Та МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих бүрэн боломжтой гэлээ. Та үүнийг тодруулахгүй юу? 

 МАХН-аас нийгэм эдийн засгийн хөгжилд үсрэнгүй найдвартай хөгжил авчрах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэж байна л даа. Энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой учраас нэгийг нь нөгөөгөөс салгах боломжгүй юм. Эхлээд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл оюутан залуусыг нийгэм эдийн засагт хэрэгцээтэй шаардлагатай мэргэжилүүдээр сурч боловсрох боломжийг олгох юм. Социализмын үед шаардлагатай боловсон хүчнээ бодлогоор дэмжиж сургаж боловсруулан, мэргэшүүлж ажлын байран дээр гаргаж байсан. Ингэсэнээр улс ардын аж ахуйн хөгжил аль ч салбарт жигдхэн хөгжих суурь болж байсан. хүнээ сургаж боловсруулсаны дараа ажлын байраар хангах хэрэгтэй. Энэ юу гэхээр найдвартай эрчим хүчний тогтолцоон дээр тулгуурласан  хүнд хөнгөн аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах явдал юм. Манайд дэлхийд томоохонд тооцогдох ордууд байна. Эдгээр ордыг ашигтай ажлуулж,  нэмүү өртөг шингэсэн ажлын байр бий болгоё гэвэл дэд бүтэц зам харилцаа сайн байх шаардлагатай. Тэгэхээр одоо байгаа төмөр замын босоо тэнхлэгээс хэвтээ тэнхлэгийн дагуу барьж байгуулах.  Хүн ардын тохь тухтай орчинд амьдрах “Жаргалын найман хот” байгуулах зэрэг урт хугацаанд хэрэгжих төслүүд байна. Энэ бол зүгээр л цаасан дээр бичсэн зүйл биш.  Эрдэмтэдийн тооцоо судалгаа дээр тулгуурлаж тооцоолж, боловсруулсан хөтөлбөр юм.

Шилдэг эрдэмтэдийн багт ямар хүмүүс байна вэ?

Нийгэм судлаач, инженер Ц.Жаргал болон Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн С.Шагдаржав, Монгол Улсын гавьяат багш, академич Ч.Авдай, Техникийн ухааны кандидат, шинжлэх ухааны  гавьяат зүтгэлтэн, ’’Монел-Тех’’ ХХК-ийн захирал Ш.Ялалт , Техникийн Ухааны доктор, Монгол Улсын  шилдэг зохион бүтээгч И.Эрдэнэбаатар, ХААИС-ийн биологийн тэнхимийн эрхлэгч, доктор  Ч.Тунгалаг, Улсын зөвлөх инженер, доктор А.Цэцэгмаа, ШУА-ийн хими, химийн хүрээлэнгийн доктор Ж.Оюунцэцэг,  Техникийн Ухааны доктор, Монгол Улсын  зөвлөх инженер Г.Дэлгэр,  физикийн ухааны доктор Л.Дарамсэнгээ, билогийн шинжлэх ухааны доктор Ж.Ганбаатар, техникийн ухааны доктор Ц.Мөнхтуяа нарын 30 гаруй  эрдэмтэн судлаач нар байна. 

Хоёр удаагийн хэлэлцүүлэг хийжээ. Яригдсан  гол асуудлуудын талаар ярихгүй юу?

МАХН-аас эрдэмтдийнхээ зөвлөлөөр хэлэлцүүлж, нийгмийнхээ санаа бодлыг тусгаж, “Жаргалын найман хот” түүнийг дагасан 450 өрхийг тэг түрээсийн зарчмаар  орон сууцжуулах хөтөлбөрийг дэвшүүлж байгаа. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс даадаг болох, шинэ хотын бүтээн байгуулалтаар ажилгүйдлийг бууруулах зорилт тавьсан. Энэ бүхэн хэрэгжих боломжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Өмнөх сонгуулиудаар улс төрийн намуудаас дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүдийг харахад тооцоо судалгаа муутай, хэрэгжих боломжийг сайн судлаагүй зөвхөн хүмүүсийн саналыг авах зорилгоор явагдаж байсан. Тиймээс нийгэмд хэрэгжиж чадаагүй. Бид эдийн засгийн тодорхой үндэслэлүүдийг гаргаж тавьсан. Ганцхан жишээ хэлэхэд, манай улсад  Тавантолгой мэтийн нөөц нь тогтоогдсон стратегийн 15 орд бий. Тиймээс үүнийгээ эргэлтэд оруулах замаар хөрөнгө босгох эдийн засгийн үндэслэлийг гаргаж ирснээрээ өнөөдөр нийгэмд  тулгамдаж буй олон асуудлыг шийдэхээр байгаа. Орон сууцанд  орох хүсэлтэй ч чадахгүй байгаа олон иргэд байна. Социализмын үед иргэдээ улсаас орон сууцжуулж болоод байсан. Үүнийг өнөөдөр эргээд хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Тэгвэл манай намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн 450 айлыг тэг түрээсээр орон сууцжуулах зорилт ийм байдлаар хэрэгжих юм.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа
 
МАХН-ын сонгуулийн төв штаб
 
Бусдад түгээх
  • gplus