М.Цэвээн-Очирын сонгуулийн штаб руу цагдаагийнхан халджээ
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч М.Цэвээн-очирын Сонгуулийн штабд өчигдөр орой цагдаагийн алба хаагчид үзлэг хийжээ. Тэд “МАН-аас гомдол ирсэн учир үзлэг хийж байна” хэмээн тайлбарласан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан нэр дэвшигч М.Цэвээн-Очир өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, мэдэгдэл хийлээ.    

Тэрээр “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өрсөлдөгч нар маань хууль бус үйлдэл их гаргаж байна. Үүний нэг илрэл нь өчигдөр орой намайг уулзалттай байх үеэр Сонгинорхайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс нэр ус нь мэдэгдэхгүй хүмүүс ирж, манай штабын байр руу дайран орж үзлэг хийлээ. Ингэж дайран орохдоо “МАН-аас ирсэн гомдлын дагуу үзлэг хийж байна” хэмээн тайлбарласан байсан.

Өмнө нь миний сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийг Сонгинохайрхан дүүргийн 22 хороонд айлын хашаанд шатааж байсныг манай намын дэмжигч мэдээлсэн. Энэ хэргийг шалгаж өгөхийг хүсч, гомдол гаргасан ч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэтэл МАН-ын нэр дэвшигч гомдол гаргасан даруйд хууль зөрчин байж үзлэг хийлээ. Үүнээс харахад, төрийн байгууллагууд Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхэд тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна гэж би үзэж байна. Тиймээс би зөвшөөрөлгүй манай штаб руу нэвтэрч орсон энэ үйлдлийг хууль зөрчсөн хэмээн Сонгинорхайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байна. Сонгуулийн болон бусад хууль тогтоомжийн зүйл заалтыг зөрчсөн хэрэг болсон” гэсэн юм.

Мөн дээрх үйл явдалтай холбогдуулан нийслэлийн АН-ын хуулийн зөвлөх Ч.Нямцоож “Орой 21:00 цагийн үед нэр дэвшигчийн төв штаб руу Сонгинохайрхан дүүргийн I хэлстийн ахмад н.Будзаан болон нэр бүхий 3 албан хаагч нэвтэрч нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл нийслэлийн Арчилсан намын хуулийн багт ирсэн. Энэ мэдээллийн дагуу бид шуурхай очиход цагдаагийнхан үзлэг нэгжлэг хийгээд явчихсан байсан. Цагдаагийн хэлтэс дээр очиход ажлын цаг дууссан гээд тайлбар өгөөгүй. Ямар шалтгаанаар нэгжлэг хийснийг утсаар асуухад МАН-аас нэр дэвшигч Ц.Сандуй гомдол гаргасны дагуу захиргааны зөрчлийг баримтжуулах зорилгоор үзлэг нэгжлэг хийсэн гэсэн тайлбар өгсөн юм. Үзлэг нэгжлэг хийх үйл явц бол холбогдох хууль хяналтын байгууллагуудын зөвшөөрөлтэй хийгддэг. Гэтэл гомдол гаргасан даруйд нь цагдаагийн албан хаагч нэр дэвшигчийн штаб руу нь нэвтэрч ороод үзлэг хийсэн байна. Үүнээс харахад цагдаагийн алба хаагчид Сонгуулийн тухай болон бусад хууль тогтоомж болон цагдаагийн албаны ёс зүйн дүрэм, цагдаагийн албаны нэгдсэн стандарт зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс харьяа дүүргийн цагдаагийн дарга, прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргаж байна” гэв.

Түүнээс гадна нэр дэвшигч М.Цэвээн-Очирын сурталчилгааны самбарыг эвдсэн этгээдийг барьж, захиргааны хариуцлага хүлээлгэжээ. Харин ямар зорилгоор, хэний захилагаар сурталчилгааны самбаруудыг эвдсэн нь одоог хүртэл мөн тогтоогдоогүй байгаа юм.

Эх сурвалж: НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 18-р тойрогт нэр дэвшигч М.Цэвээн-очирын сонгуулийн штаб. 
Бусдад түгээх
  • gplus