Сонгогчдыг олноор нь шилжүүлэхээ зогсоохыг шаардав
Сонгуулийн санал авах өдөр дөхсөн энэ үед сонгогчдыг  өөр тойрог руу олноор нь шилжүүлж буй явдал ихээр гарч байгааг МАХН-ын сонгуулийн төв штабаас эсэргүүцэн өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Э.Эрдэнэжамъян “Сонгогчид, улс төрийн хүрээнд “Царцааны нүүдэл” гэж нэршээд байгаа луйврын аргаар энэ сонгуулийг будлиантуулах гэж байна. Намуудад сонгуулийн насны хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн. Монгол Улсын бүртгэл цахимд шилжиж цэгцэрсэн байсан. Гэтэл сонгогч шилжих гэсэн хуулийн заалтын ашиглан нэг аймаг, тойргоос нөгөөд шилжиж санал өгөх маягаар будлиан үүсгэж байна. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 7,8 дугаар хороонд шилжиж ирсэн хүмүүсийн бүртгэлийг Улсын бүртгэлээс  нь авч үзэхэд, нэг хашаанд л гэхэд тус бүр  19 сонгогч бүртгэсэн. Хувьсгалчдын 11-р гудамжинд нэг айлын хаяган дээр 215 сонгогч бүртгэсэн. Нэг айл, нэг хашаанд 215 хүн амьдрах боломжгүй. Ганц хороон дээр гэхэд л ийм жишээ байна. Энэ нь хэд хэдэн тойрог дээр давтагдаж байгаа тул цаашид энэ үйлдлээ зогсоохыг шаардаж, Улсын бүртгэлийн газар, Статистикийн газар, СЕХ, ТЕГ-т тус тус албан бичиг хүргүүлнэ гэв.



Мөн хэвлэлийн хуралд, МАХН-аас Чингэлтэй дүүргийн нэр дэвшигч Ц.Эрдэнэчулуун, А.Даваасүрэн нар хүрэлцэн ирж, өөрсдийн тойрогт гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Тэд хэлэхдээ   “Нөхцөл байдал луйвар булхайтай байгаа учраас учрыг нь олохоор хандаж байна. Гэтэл холбоглох хүмүүс, байгууллагууд анхаарал хандуулахгүй, амжилт олохгүй байна. Засаг дарга, нар нь та нар ухуулгаа л хий, бидний ажилд хөндлөнгөөс бүү оролц гэх юм. Тэгш байдал, хууль дүрэм тэнд алга. Бас нэг зүйлийг хэлэхэд, нас барсан хүнийг байгаагаар бүртгэсэн, гадаадад байгаа хүмүүсийг бүртгэсэн зөрчил их байна. Иргэний үнэмлэхний хуулбар худалдаж авч байгаа зөрчил илэрсэн"  хэмээн ярилаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus