Амаа барих уу, амиа аврах уу
Ард түмэн сонголтоо хийхэд ердөө зургаахан хоног үлдлээ. “Энэ сонгуулийн үнэ цэнэ магадгүй эх орон, тусгаар тогтнолын үнэтэй байж мэднэ” хэмээн УИХ-д дөрвөнтөө сонгогдсон, туршлагатай парламентч Ц.Нямдорж гуай 2016 оны сонгуулийг тодорхойлоод байгаа. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь хэзээд жин дарж байдаг тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь ойлгомжтой. Дөрвөн жилийн турш АН засгийн эрх барихдаа эх орон, тусгаар тогтнолоо үнэгүйдүүлсэн учраас алдах эрхгүй сонголтын өмнө ирчихээд байгааг ийнхүү сануулсан ч байж мэднэ. Үнэхээр ч эрх мэдэл, албан тушаалын төлөө засгаа хэдэнтээ унагаж, эрх мэдэлд хүрсэн нэгнээ дэгээдэхийн тулд дотроосоо хор найруулан, ордны хуйвалдааныг дээд цэгт  нь хүргэсэн нам бол яалт ч үгүй АН.

Олон жил үзэгчийн суудалд суусан тэд 2012 онд орон даяар маш хүчтэй тархи угаалт явуулж, иргэн бүрийн эмзэг, тулгамдсан асуудлыг барьж авсны хүчинд олуулаа болж, ордонд орж ирсэн нь үнэн. Гэхдээ  тэдний амлалтад чин үнэн байгаагүй нь харамсалтай. Тэд ердөө л тайзан дээр гарч, жүжгийн гол дүрд тоглож үзэхийн тулд тэгтлээ адгасан хэрэг. Тиймдээ ч өнөөдөр ард түмэн амаа барьж сууна.

АН анхнаасаа л хэзээ л  бол хэзээ нурах магадлалтай “гэр” барьсан. Олуулаа болж чадаагүй учраас УИХ дахь өвдөл цөвдлүүдтэй нийлсэн нь хожмоо Монгол төрийн босгыг намсгахын эхлэл болсныг хэн хүнгүй харж суугаа. Нэгэн цагт Ерөнхий сайдаар ажиллаж явсан Н.Алтанхуягийн хэлснээр “Ордны хуйвалдаан газар авч, үгэнд орж, толгой дохиогүй хэнийг ч болов хонгил руу чирэхэд бэлэн, тийм л төрийг бий болгосон”. Үнэндээ энэ дөрвөн жилийн хугацаанд  “эрх мэдэл ашигласан хулгай”-д АН үнэхээр гаршсан. Ямар сайндаа л хамгийн сүүлийн мөчид сонгуулийн луйвар хийх нэг найдлагаа тойрог, мандатын хуваарилалт дээр ил гаргасан. Тэд зүгээр л цагаандаа гарсан. Аймаг, дүүргийн дарга нараа дуудаж ордонд хонон өнжин яриад,  “Яаж зурвал ялах магадлалтай байна” гэж ярилцаад л санаснаараа зураад оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг аймгийн тэртээ баруун талын сумыг зүүн талынхтай нэг тойрог болгон зурж байх жишээтэй. Учир нь  байрлал нь хол ч гэлээ, хамаатан садан, анги хамт олон гэх мэт сонгогч олонтой учраас гэж үзээд л хаа холын сумтай нэг тойрог болгон нааж байх жишээтэй. Энэ жилийн тойрог, мандатын хуваарилалт яг л ийм байдлаар зурагдсан.
 
Н.ТӨМӨР
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
 
Бусдад түгээх
  • gplus