1071 угсармал орон сууцыг дулаалах ажил удахгүй эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1071 орон сууц байдаг юм байна. Эдгээр барилга өвөл хүйтэн, сантекникийн шугам нь хуучирсан, борооны ус дээвэр, цонхоор нь гоождог гээд асуудал их. Тиймээс нийслэлээс энэ барилгуудыг цогцоор нь шинэчлэх арга хэмжээ авах гэж байна. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн III хорооны иргэдэд мэдээлэл өглөө.

Эдгээр барилгыг хуучин ЗХУ-ын технологиор барьжээ. Тиймээс дулаалах ажлыг Новосибирск хоттой хамтарч хийхээр болсон. Гэхдээ зөвхөн гадна талаас дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчлэхээр төлөвлөжээ. 1071 орон сууцны барилгыг ийнхүү шинэчлэн засварлахад 431 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүний 60 хувийг хотын төсвөөс үлдсэн хэсгийг айл өрх, СӨХ-өөс гаргахаар тооцож байгаа аж. Гэхдээ айлууд 15-20 жилийн хугацаанд байрны мөнгөн дээрээ тодорхой хэмжээний төлбөр нэмж төлөх байдлаар зохицуулах боломжтой. Ингэж засварласнаар уг барилгуудын насжилт дахиад 50 жилээр нэмэгдэнэ гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тайлбарлалаа.

Энэ ажлыг хийхийн тулд Новосибирск хотын Засаг даргатай хамтарсан гэрээ байгуулжээ. Тус хот ч хуучин орон сууцаа дулаалж эхэлсэн юм байна. Харин өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн ИТХ-аар дулаалгыг хэрхэн хийх талаар журам баталжээ. Тиймээс энэ ажил тун удахгүй хэрэгжиж эхэлнэ. Ирэх дөрвөн жилд хийх хамгийн чухал ажлуудын нэг нь угсармал орон сууцыг дулаалах асуудал байна гэдгийг Д.Баттулга иргэдэд онцлон хэллээ.
Орон сууцыг дулаалж дулааны алдагдлыг бууруулснаар айл өрхийн болон цахилгаан станцуудад эдийн засгийн хэмнэлт гарах юм.

Эх сурвалж: Нийслэлийн АН-ын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus